Monday, January 19, 2015

Уншигчдын сэтгэгдэлүүд...

Purevdulam Puujee Унших явцад мэдэхгүй, төдийлөн хэрэглэдэггүй үг хэллэгийг бичиж тэмдэглэх зуурт жижигхэн толь гармаар нилээн олон хуудас болно билээ. Эх хэл минь ямар агуа, би түүнээс өдийхөн сурсан нь энэ мэтийн сайхан зохиол уншихад нэг уншаад ойлгохгүйн бэрхшээлийг авч ирэв.
Nora Cho "Gegeenten" romaniig unshij duusaad khed khonoj bgaa ch, bodogdood bh yum. Khutagtiig tengert khalij bh uyed Digaviranz ni ami orj bui kheseg, Ulemjiin chanar tuguldur - Dadishura gaa Shambaliin ornoos kharj yavna, ureeduin uur neg turuld er em bolj uulzakh barildlaga tavij bui, uur khen ch baigaagui khirnee / Khutagt, Balchinchoijoo 2 l bsan khir ni/ gegeentnii gart bsan chuluug khen avchiv gekh meteer urgeljluulj bodokh, Doloo dugaar noyon khutagtaas khoish daraagiin noyon Khutagt yagaad udii boltol todroogui bgaa yum bol, todorson ch il zarlaagui yum bolov uu.. Takhilch Tudev guai gegeentnii nandinuudiig Mongold ardchilsan khuvisgal garak khurtel tuucheelj irj chadaj.. Odoo bidnii ene eren uye "egel" "egel busiin" yurtunts , ogt or gui.... khooson chanar... gekh metiig ergetsuulekh chadvargui, ukhaantai utsand udirduulsan "Bi" g shutsen, kheterkhii bodit - materiallag zuild shutej dunguluulsen. Zuud, zun beleg, khoid urd nas, nugel buyan, uchral khagatsal khamag yumiig martsan met yamar gedeg tsag uye ve dee gekh meteer ikhiig bodogduulsan, gariin dor oir bailgaj dakhin dakhin sukhuj kharj, khoyor muriig ch bolov tungaaj bodmoor saikhan buteel boljee, butsaagaad delgekh burt shine - nuuts khuvursuur. Alivaag martakhdaa amarkhan khumuun bidend seruulge bolmoor saikhan zokhiol sanagdlaa. jinkhene ukhaan selbemeer, ergetsuulej bodmoor, dakhin dakhin unshmaar saikhan buteel bnaa, ikh bayarlalaa zokhiolch Gombojaviin Mend- Ooyo guai tanid.
 Хөх Толбот Нэг л сайхан өөр ертөнцөөр аялж байгаа мэт сэтгэгдэл төрдөг.Буддын шашны талаар тодорхой ойлголтгүй хүнд бол ярвигтай байхаа,мэдэхгүй ойлгомжгүй зүйл их гарч ирнэ
Tuya Tangad энэ номыг онгоцны буудал дээр уншиж эхлээд онгоцноос буухад дуусгаж орхисон, салахын аргагүй. Одоо дахиж нэг уншина даа
Tsatsaa Namsrai уншууртай , хутагтын талаар олон зүйлийг тодорхой болгосон сайн зохиол болсоон, баярлалаа энэ гое номын талаар оруулсанд
Batjargal Purev Гэгээнтэн ном бол бусад номуудынхаа дэргэд эгнэшгүй сайн болсон гэж боддог. Гэгээнтэнг уншчихаад Шүгдэнг уншихад амтгүй л санагдсан.
Badamgarav Duguitsagaan "Гэгээнтэн" роман мэдлэг, мэдээллийг зузаатгахаас гадна монгол хэлний гайхамшгийг үнэхээр бишрүүлэм бүтээл шүү. Гэхдээ орчин үеийн хүүхдүүд хүлээж авч чадахгүй байх шиг санагдсан. Би охиндоо уншуулах гэж нэлээд үзсэн. Номын эхний хэсгийг давчихвал цаашаа маш сонирхолтой гэж хэлээд бараагүй, уучлаарай ээж ээ гээд буцаагаад тавьчихсан...

Friday, January 16, 2015

Ш.Баатар: Сэтгэлийн таашаал эдэлж, төрөлх хэлнийхээ яруу сайхныг биширч, оюун ухааныхаа царыг тэлж чадахуйц...

Г.Мэнд-Ооёо ахын туурвисан “Гэгээнтэн” романыг бараг гурван жилийн өмнө алга тосон авсан боловч "цагийн тохироог харан байж шимтэн уншина" хэмээн хойшлуулсаар өдий хүрлээ. Сүүлийн гурван өдөр ажлын дараа шөнө хугаслан байж уншиж дуусгав.

Энэ түүхэн роман эгэлгүй нэгэн бүтээл болжээ. Арга ч үгүй дээ "хэдхэн жилийн өмнө Новелийн уран зохиолын шагналд нэр нь дэвшихээр яригдаж байсан" авъяас билэгт зохиолчийн бүтээл болсон хойно ийм чансаатай ном болохоос өөр яахав ээ. Ухаант ардынхаа аман зохиолын балын амтыг нэгэн жарны турш шимсэн эрхэм ах номын сандан маань оюуныхаа охийг нэрж гаргасан арз нь энэ мөн болой. Сэтгэлийн таашаал эдэлж, төрөлх хэлнийхээ яруу сайхныг биширч, оюун ухааныхаа царыг тэлж чадахуйц, Монголын бурханы шашины нэвтэрхий толь мэт гүн мэдлэгийг өгөх даацтай сайн ном болсон байна. Их Говийн догшин Ноён хутагт Данзанравжаагийн ахуй амьдрал, зан үйл, эрдэм мэдлэгийг хажуунаас нь харсан мэт тов тодорхой илэрхийлэх ялдамд тухай цагийн монгол хэлний гайхамшгийг мэдрүүлсэн бүтээл болсон гэж би бодож байна. Үг хэллэг уран, үйл явдлын хэлхээс адармаатай нарийн байхаас гадна Очирт хөлгөний зан үйл, ёс жаяг, рид хувилгаан, хүний сэтгэлийн хар цагааныг үгээр сийлсэн ажээ. Улааны шажны уламжлалыг хэрхэн хахин хавчиж байсан, Манжийн хааны удаа дараагийн хорлолыг хэрхэн даван туулсныг айхтар нарийн гаргаж өгүүлсэн байна. Аврага могойн зулайн чадманийг хэрхэн авах талаар бичсэн хэсэгт билгүүн номч эрдэмтэн Л.Хүрэлбаатар агсны дүр шууд сэтгэлд тодорч байна. Алша лхаарамба Агваандандар, Их хүрээний хамба Агваанхайдав нарын харилцааг уран нарийн илэрхийлжээ. Агваанхайдав хамбын “Хажууд нь суухад хайр хүрмээр, хамаг олон шавь нарыг улаан тийш урвуулаад байгааг нь харахаар уур хүрмээр Хутагт шүү. Говьдоо л байхад таарсан дигваранз” гэсэн бодол, Ноён хутагтын “Тэнгэрт шувууны мөр үгүй гэх нь юутай үнэн билээ.” гэсэн бодол гээд үй олон уран сайхан хэллэг байна. Түүх соёлоо хайрладаг, бурханы шашины мөн чанарыг ойлгохыг хүсдэг номын мэргэн дүү нар маань энэхүү номыг заавал залж уншаарай. Нэг уншаад ойлгохгүй аваас дахин уншаарай. Түүхийн олон үнэн үйл явдлыг урнаар холбон бичсэн бүтээл тул энэ номноос сурах юм их байна. Эрхэм ах номын садан Г. Мэнд- Ооёо таны сод билгийг гүнээ биширч түүн дор даган баясму. Молхү дүү Баатар бээр үүний тул хичээвэй
Shirchin Baatar

Tuesday, December 30, 2014

ГЭГЭЭНТЭНИЙ АЧААР ТАНЬТАЙ УЧИРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА.





Эрхэм номын хүн Г.Мэнд-Ооёо гуай таныг энэ цаг үед бидэнтэй зэрэгцэн оршиж эдүүгээх хийгээд өнгөрсөн бас ирээдүйг таниулах, оршихуйн үнэнг өгүүлэх үүргийг хүлээж суугаад тань талархаад талархаад баршгүй.  Үнэндээ бол таны олон ном зохиол байдаг байхаа, тэр бүр уншиж явсангүй.

Харин их сонин тохиолдлоор таны ГЭГЭЭНТЭН бүтээлтэй учирлаа. Хэд хэдэн удаа гэгээнтнүүдийн талаарх мэдээлэлтэй ойр, ойрхон таараад байлаа, ямар учиртай юм болдоо гэсэн юм бодогдоод тэр бүр сайтар анзаарсангүй.  Тэгж байтал нэг шавь маань та ГЭГЭЭНТЭН гэдэг бүтээлийг олж үзсэн үү гэснээр эрэлд гарч Их дэлгүүрт очтол зарагдаад дууссан гэдэг байгаа. Гэвч азаар үзүүлэнд тавьсан  ганц ширхэгийг нь надад өгснөөр би бөөн баяр хөөр гэртээ ирлээ.

Уншиж эхэллээ. Эхэндээ түүхэн хүүрнэл, сонирхолтой сайхан л зохиол байна. Гайхалтай юмаа гээд л шагшрах үг ч олдохгүй байлаа.  Нэг доор уншаад дуусгачихвал их хайран санагдаад их л аажуухан уншихаар шийдлээ. Энэ зуур ч мөн гадагшаа томилолтоор явах ажил гарч Дубай хотыг зорилоо.

Дубайд байх зуур зөвхөн орой л зав гарч байсан тул ажлын дараа тухтай нь аргагүй үргэлжлүүлэн уншина. Тэр болгонд хамаг шар үс маань босоод гэнэт тэр үеийн хүмүүсийн дунд байгаа мэт мэдрэмж, тэр цаг хугацаа, орон зайд очсон юм шиг мэдрэмж төрнө.  Хамгийн сонирхолтой нь энэ номонд гардаг үйл явдалтай зэрэгцээд миний эргэн тойронд болж буй үйл явдлууд холбогдож эхлээд ч байх шиг бүүр гайхшрууллаа.

Нэгэн орой ажил дууссаны дараагаар багшийнхаа мэдэх нэгэн сонирхолтой бурханлаг газар очих хувь тохиолоо. Нилээд хэдүүлээ очсон болохоор тэнд болсон үйл явдлуудыг  ч бас л юу болоод байнаа хэмээн гайхацгааж, биширцгээж өнгөрөөлөө.  Харин энэ газраас гарахад бидэнд хэдэн алим өгсөн юм. Тэр алимыг хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай, бас ажиглаараа гэж өгсөн хүн нь айлдсан юм.


Нилээд орой болсон хэдий ч нөгөө л Хар хавтаст ГЭГЭЭНТЭН маань чимээгүйхэн инээмсэглээд хүлээж байх шиг орны маань хажуудах ширээн дээр байв. За хэдий ядарсан ч гэсэн хэдэн хуудас уншаад унтая даа гэж бодоод номоо аваад уншиж гарлаа.


Гэтэл тэнд нэгэн ХАР чулууны тухай бичигдсэн байдаг байна шүү. Юу вэ дөнгөж саяхан ирсэн газар ийм хар чулууг шидтэй чулуу  хоосноос гарч ирсэн гээд ярихад нь инээд хүрээд л сууж байж билээ. Тэгэхэд яг адилхан зүйл яахаараа энэ номонд гардаг байнаа.  Харин яг энэ хэсгийг уншиж байхад надад маш сонин мэдрэмж төрсөн. Хамаг биеэр цахилгаан гүйж байгаа мэт бас хүйтэн усанд гэнэт яваад орсон мэт, бүх шар үс босоод л…….. үүнийг юу гэж тайлбарлахыг би мэдэхгүй юм.

Бас нэг орой нь бас л нилээд ядарсан амьтан ажлаа дуусгаад орондоо орохоор хэвтээд дасал болсон зангаараа  номоо авлаа. Жаахан харж байтал өөрийн эрхгүй нүд анилдаад үнэндээ маш их ядарсанаа ойлгон унтахаар хэвтэхдээ номоо буцаагаад тавилаа.  Гэтэл ёстой сонин юм болдог байгаа. Ном маань “Намайг нөгөө талынхаа шүүгээн дээр тавиад өгөөч” гээд байгаа юм шиг, хэлээд би сонсоод ч байгаа юм шиг,  гэхдээ тэр үед за одоо бүүр нөгөө номондоо ороод номын цагаан солио гэдэг болох нь ээ, ажил ажил гэсээр сүүлдээ хий юм сонсдог болох нь гэж бодлоо.

Гэтэл нөгөө анилдаад байсан нойр маань бүрмөсөн алга болдог байгаа. Юу болов оо, сонин юм даа дэрэн дээр толгой тавиад л нам унтдаг хүн чин нойр гэнэт хүрэхээ больчихдог гэж гайхаад за яахав зөнгөө дагаад нөгөө номоо хажууд алимнууд тавьсан шүүгээн дээрээ тавьчихдаг юм билүү гэж шийдээд номоо аваад тавих гэтэл гэнэт уншмаар санагдаад үргэлжлүүллээ. …….. Нөгөө өвгөнд мэдээ ирдэг хэсэг байдаг даа. Зээ хүү төрлөө гээд, тэр хүү нь тал саран мэнгэтэй гээд л ……. Яг энэ хэсгийг уншиж дуусаад унтахаар шийдлээ.

Өчигдөрийн өгсөн алимнуудыг нээрээ ажиглаарай гэсэн. Бас хөргөгчинд битгий хийгээрэй гэсэн болохоор би унтлагын шүүгээнийхээ дээр нь тавьсан байсан юм. Алимнуудаа зайчуулаад номоо тавих гэтэл зай ч гарсангүй, ном маань унах гээд байхаар нь шургуулганд нь хийгээд санаа амарлаа. За одоо нэг сайхан унтая гэж бодоод гэрлээ унтраах гэтэл нэг алиман дээр нь хүний хумсны ороор гарсан аятай хагас саран тэмдэг бүхий харласан хэсэг байх юм. Юу вэ энэ чинь одоо гээд ёстой шоконд орсон доо.

За ингээд л Монголд очингуутаа энэ эрхэм зохиолчтой олж уулзах юм шүү. Бас тэр зохиолд гардаг бодит хүн Алтангэрэл гуайтай ч уулзах ёстой юм байна даа гээд л ирэнгүүтээ уулзах гэж оролдоод, холбоо барингуутаа тэгж ингээд ажил амьдралын олон асуудлууд зэрэгцээд бараг замхрах шахав тэр өрнүүн хүсэл маань. Харин өнөөдөр таны Нүүр Номын хуудсыг олж үзээд бөөн баяр болж таньд өөрийн сэтгэгдлээ өгүүлсэндээ баясаж өнжлөө.

Бас нэг сонин явдал нь би гэдэг хүн гэнэт тэр үеийн гэмээр үг хэллэгүүдийг хэрэглээд эхэлж байгаагаа ажиглав. Нэг орой бүүр хэдэн хөөрхөн мөр шүлэг бичив. Үүнийгээ таньд толилуулья. Харин энэ шүлэгээ азаар FACEBOOK -дээрээ бичсэн тул таньтай ярингуутаа хайсан чинь олддоггүй. Гайхаад уул нь бичсэн л юм даа хаашаа алга болчихдог байна даа гээд бодоод л өдөр би орхисон юм.

Сая ажил дуусаад  нүүр хуудсаа нээтэл таны мессеж байхыг олж хараад PAGE руугаа ортол харин  он, сар, өдөр, цагтаагаа тэндээ байж байгаад нь хичнээн баярлав. Ямар тэр үед би юу гэж бичсэнээ одоо санах биш. Тэгээд энд хуулбарлав.

Номыг уншаад бас тэр нэгэн сонин газар очоод надад ийм л сэтгэгдэл төрж байж тухайн үед:

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг ч наад захын асуудал юм байна. Оргүй хоосноос гэнэт бодит зүйл бий болохыг шинжлэх ухаанд юу гэж тайлбарладаг юм бол. Ийм туршлага байдаг юм болов уу. Аливаа зүйлийг хүн өөрийн нүдээр харж байж л итгэл төрдөг байтал, одоо ч гэсэн зүүд юм шиг санагдах юм.
Хоосон чанараас бүх зүйл урган гарна гэдэг нь үнэн бололтой. Гайхалтай юм аа. Их ч юм үзэх юм байна даа. Мэдэхгүй зүйл ухаарахгүй, ухаан хүрэхгүй зүйл ямар ч их байдаг юм.

Амьдрал гайхалтай юмаа.

Бидний итгэл үнэмшил бидний хувь заяаг өөр өөр хэмжээст хүргэдэг гэдгийг биеэрээ мэдэрлээ.

Бурхан байдаг гэдэгт урьд урьдны итгэл үнэмшилээс хэдэн зуу дахин хүчтэй итгэл үнэмшилтэй боллоо.

Юу хийж байгаагаа ч бас бүрэн ухамсарлалаа.

Мэдээж цаг хугацаа өнгөрөх тусам бас л бүрэн ухаараагүй байснаа ухаарах байхдаа.
Үргэлж л ийм байх юм.

Хүмүүсээ амьдрал сайхан юмаа. Бүх зүйл хувьсаад л өнгөрөх юм, Үүрдийн гэж үгүй юм хойно, болж өнгөрсөнтэйгээ зууралдаж цаг бүү алдаарай, болох гэж буй зүйлд ч санаа бүү зовоорой. харин амжиж мэдэх нэг л зүйл бол аль болох эрт өөрийгөө таньж нээх арга юм байна шүү.

Алаг хөөрхөн хорвоо
Аяа уужим юмаа
Алдрай бяцхан хүмүүний үр
Амжиж өөрийгөө таних л
Аяа энэ амьдралын тань Эрхэм нандин зорилго бусуу
Энх амгаланд хүрэх зам бус уу
Эрүүл аж төрөх ухаан бус уу

Бас энэ зургийг хавсаргасан байж.



Ном бол ертөнцийг харах цонх мөн гэдэг дээ. Гэтэл таны бүтээлийг уншаад Ном бол орчлонд хүрэх шат юм байна гэж ухаарлаа. Хэрвээ тэр нь үнэхээр жинхэнэ ном бол таны жинхэнэ мөн чанарт хүрдэг юм байнаа гэдгийг ч бас ухаарлаа.

Гэгээнтэн хэмээх энэхүү гайхалтай бүтээлийн үйл явдал хэдий өнгөрсөн цаг хугацаанд болсон ч гэсэн яг таныг уншаад эхлэх тэр мөчөөс бидний дотор хүнтэй ярилцан хүүрнэж эхэлдэг амьд бүтээл юм билээ.

Таньтай  өөрийн сэтгэгдлээ хуваалцаж хүндэтгэсэн

Б.Бадамханд
Нийтийн Далд Ухамсарыг Сэрээх “Баярлалаа Төв” ТББ-ын
Олон улсын зөвлөх багш



Sunday, November 2, 2014

ГЭГЭЭНТЭН роман талаар...





Г.Мэнд-Ооёогийн туурвисан “Гэгээнтэн” хэмээх роман нь 2012 онд хэвлэгдсэн энэхүү романы талаар нэрт судлаач, доктор Ч.Билигсайхан “Үнэний төгөлдөр дуулал –“Гэгээнтэн”, доктор С.Байгалсайхан “Хашгираан”, доктор Д.Галбаатар, С.Хишигсүх нарын “Түмэн мэсийн Гэгээнтний дээд таалал оршжихуй”, доктор Я.Ганбаатар “Төгөлдөр үнэний яруу дуулал зэрэг шүүмжүүд гарсан бөгөөд уг романы уран чадвар болон хэл найрууллага, агуулга үзэл санаа, түүх соёлын үзэл санааг өндөр үнэлсэн байна. Мөн Оросын монгол судлаач М.П.Петрова саяхан Владивостокт болсон “Алс Дорнод судлал” ЭШХуралд “Poet about Poet: G.Mend-Ooyo’s novel about D.Ravjaaсэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн байна. 

Утга зохиол судлаач, доктор профессор Ч.Билигсайхан “Үнэний төгөлдөр дуулал – Гэгээнтэн” (Өнөөдөр сонин, 2012.10.10 №235) хэмээх шүүмждээ “Гэгээнтэн” романыг хүчтэй тод бичигдсэн үнэтэй тод дуулал болж чаджээ” хэмээн үнэлсэн бөгөөд “... соёл, түүхийн сүүлийн 100 шахам жилийн үнэнд ойр, үзэл суртлын элдэв явцуу хэмжээст баригдалгүй бичигдсэн нэгэн чамбай, сонгомол “элит” хэв төлөвийн эссэ роман бол “Гэгээнтэн” юм” гээд “Мэнд-Ооёо элит зохиолчийн эрдэм оюун, баримтыг боловсруулах дүгнэх, утгыг нээн гаргах, холбогдох үүх түүхийг задлан үйл явдлын шугамдаа холбон оюун дүгнэлт хийх гэх мэт өнөөгийн XXI зууны дэлхийн эссэ зохиол бичдэг чадвартангуудын чөлөөтэй атлаа сонгомол гэхээр аргуудыг зохистой сайхан хэрэглэсэн зэрэг нь эл туурвил содон, өнөөгийн дэлхийн ийм төрлүүдийн зиндаанд хүрсэн бүтээл болсны учир шалтгаан бололтой” хэмээн дүгнэжээ. 

Утга зохиол судлаач, доктор, профессор Д.Галбаатар, доктор Б.Хишигсүх нар
Түмэн мэсийн гэгээнтний дээд таалал оршжихуй” (Өдрийн шуудан 2012.11.28 №240) хэмээх шүүмждээ “...Ноён хутагтын сэтгэлийн орчлонг нээж, хүмүүн заяатын төөрөг тавилан хийгээд ертөнцийн түмэн өнгө, буман хувирлын ээдрээ ончрооны учиг учрыг тайлж баатрынхаа оршихуйн өвөрмөц орон зайг цаг хугацааны эргэлттэй уяж, бяцхан жаалхүүгээс их Хутагтын сэнтийд хүрч, улмаар насны хязгаар хүртэлх цадиг түүхийг өгүүлсэн аж. Ингэхдээ Говь мэргэн вангийн хошуунаа V ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан сүүлчийн хурал номын орон буюу ”Цагаан сүм”-ийн тахилч, /“Шарилын сүмийн тахилч” ч гэх/ өвгөн О.Түдэвийн эргэн дурсахуй хийгээд бодол, эргэцүүллийг зохиолын үйл явдлын гол шугам дээр нийтгэн тавьж үзүүлсэн нь романыг цэгцтэй, их хутагтын төөрөг тавилангийн учир зангилааг оновчтой шийдэх боломж бүрдүүлж чаджээ...” гээд Данзанравжаа хутагтын нууц тарнийн эрдмийг нээж Буддын шашин дахь улаан шарын үзлийн талаарх “эндүү ташаа үзэл онолд хатуухан хариулж өгч чадсан”, “ард иргэдийн дотор аман ба бичгээр уламжилсан тухайн цаг үеийнх нь хуучис, домгуудыг сонгож, үйл явдлын өрнөлтийн шугамд зохистойгоор шигтгэн, өдгөө хүртэлх учир битүүлэг, тодорхойгүй асуудлуудыг шийдэхэд шаардлагатай мэдээ зангийг ашиглан бичсэн нь “... түүхэн нөхцөл, холбоо хамаарлыг нээхэд үлэмж зохицож, өмнө үеийн зохиолчдын арга туршлага, барил сэтгэлгээ, ур чадварын үртэй уламжлан сэргэж ашигласан сонирхолтой эрэл ур чадварын түвшин илтгэх”-ийн хамт, “монголын уран зохиолын том зүтгэлтэн, түүний зохиол бүтээл төрсөн, бичигдсэн түүх, урлан судлалын талыг нь хувийн амьдралын онцгой эргэлтийн үеүдтэй нь гүнзгий уялдуулж урласан нь судлагчид, сурагч оюутанд ном заадаг багш, сурган хүмүүжүүлэгчдэд мэдээллийн  чухаг эх сурвалжийн нэг болохын хувьд үнэ цэнтэй юм.хэмээн дээрх судлаачид үзжээ. 

Доктор, профессор С.Байгалсайхан “Гэгээнтэн” романыг өдгөө цаг үед монголчуудын үнэт зүйлс, ялангуяа бурхан шашны соёл дах, гэгээнтэн хувраг, эгэл ард түмэн, төрийн гурвалсан холбоо, нүүдэлчдийн соёл иргэншлийг авч үлдэх хашгираан” болсон зохиол гэж үзжээ.

Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар “Төгөлдөр үнэний яруу дуулал(Нийслэл таймс сонин, 2013.3.12 болон "Зууны мэдээ" сонины 2013.3.13 №59 /4374/ тус тус хэвлэгдсэн) шүүмждээ “Роман бүхэлдээ чамбай болж, хэл найруулга жигд сайхан, монгол хэлний үгийн сангийн баялгаас сайтар уудлан ашигласан, илүү сул үг хэллэггүй, хэг ёг гэсэн болхи толхи найруулгагүй, хуучны үгээр бол хэлний гэмийг арилгаж, үгийн усыг шахсан, үг яруу, найруулга төгс болсон нь аргагүй л оюуны бяр  тэгширсэн, урьдын ёсоор бол  бичгийн их утгач, их бичээч, өнөөгийн үг хэлээр бол их зохиолч, уран бүтээлч хүний часхийсэн чамбай бүтээл болсон нь харагдаж байна... Бүтээлийн нэг олзуурхууштай зүйл бол бурхны шашин хийгээд ерөөс нүүдлийн соёл иргэншилд суурилсан монгол аж төрөх ёс, малчин нүүдэлчин ахуй, иргэний ба шашны утга зохиол, урлаг соёлын талаарх олон талын гүнзгий ойлголт мэдлэгийг тусгасан нь сайшаалтай. Тийм ч учраас эл номыг уншсанаар шашны болоод нүүдэлчин малчин аж төрөх ёсны орхигдож мартагдсан маш олон зан үйл, ёс заншил, монгол ахуй амьдралын мэдлэг ухааныг мэдэж авах болно. Энэ бол уг бүтээлийн бас нэг чухал ач холбогдол мөн.” хэмээн дүгнэсэн байна.

Д.Галбаатар, Б.Хишигсүх нар бичихдээ “...Г.Мэнд-Ооёогийн анхны түүхэн баримтат романд энэ мэт ярих нарийн ширийн ур ухаан, өвөрмөц уран шийдэл, ялгарал бүхий уран дүрийн зан төрх, орчин, нөхцөл байдлын төгс сайхан зохицол хангалттай уусан суужээ... XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, номын их багштаны догшин ширүүн дүр төрхийн цаад талыг Г.Мэнд-Ооёо өөрийн романд түлхүү харуулж, ухаалаг шийдлүүд хийсэн нь хувь хүний зан авир, үйл хэрэгт байж болох талуудыг хулдаж бүдэгшүүлэлгүй бодтой, түүхэн баримтад тулгуурлан эерэг, сөрөг талыг тэгш тэнцүү томон нэгтгэж урласнаар нэгэн цагийн эндүүрлийн гэмийг ариусгасан буянт үйл хэмээн талархах ёстой... Хутагтын цаглашгүй их билиг авъяас, эгэл хүний дотоод эрч хүчний гайхамшигт чанарыг тайлан өгүүлсэнд Г.Мэнд-Ооёогийн романы нэгэн гол ололт буй...” хэмээн дүгнэжээ.