Sunday, November 2, 2014

ГЭГЭЭНТЭН роман талаар...





Г.Мэнд-Ооёогийн туурвисан “Гэгээнтэн” хэмээх роман нь 2012 онд хэвлэгдсэн энэхүү романы талаар нэрт судлаач, доктор Ч.Билигсайхан “Үнэний төгөлдөр дуулал –“Гэгээнтэн”, доктор С.Байгалсайхан “Хашгираан”, доктор Д.Галбаатар, С.Хишигсүх нарын “Түмэн мэсийн Гэгээнтний дээд таалал оршжихуй”, доктор Я.Ганбаатар “Төгөлдөр үнэний яруу дуулал зэрэг шүүмжүүд гарсан бөгөөд уг романы уран чадвар болон хэл найрууллага, агуулга үзэл санаа, түүх соёлын үзэл санааг өндөр үнэлсэн байна. Мөн Оросын монгол судлаач М.П.Петрова саяхан Владивостокт болсон “Алс Дорнод судлал” ЭШХуралд “Poet about Poet: G.Mend-Ooyo’s novel about D.Ravjaaсэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн байна. 

Утга зохиол судлаач, доктор профессор Ч.Билигсайхан “Үнэний төгөлдөр дуулал – Гэгээнтэн” (Өнөөдөр сонин, 2012.10.10 №235) хэмээх шүүмждээ “Гэгээнтэн” романыг хүчтэй тод бичигдсэн үнэтэй тод дуулал болж чаджээ” хэмээн үнэлсэн бөгөөд “... соёл, түүхийн сүүлийн 100 шахам жилийн үнэнд ойр, үзэл суртлын элдэв явцуу хэмжээст баригдалгүй бичигдсэн нэгэн чамбай, сонгомол “элит” хэв төлөвийн эссэ роман бол “Гэгээнтэн” юм” гээд “Мэнд-Ооёо элит зохиолчийн эрдэм оюун, баримтыг боловсруулах дүгнэх, утгыг нээн гаргах, холбогдох үүх түүхийг задлан үйл явдлын шугамдаа холбон оюун дүгнэлт хийх гэх мэт өнөөгийн XXI зууны дэлхийн эссэ зохиол бичдэг чадвартангуудын чөлөөтэй атлаа сонгомол гэхээр аргуудыг зохистой сайхан хэрэглэсэн зэрэг нь эл туурвил содон, өнөөгийн дэлхийн ийм төрлүүдийн зиндаанд хүрсэн бүтээл болсны учир шалтгаан бололтой” хэмээн дүгнэжээ. 

Утга зохиол судлаач, доктор, профессор Д.Галбаатар, доктор Б.Хишигсүх нар
Түмэн мэсийн гэгээнтний дээд таалал оршжихуй” (Өдрийн шуудан 2012.11.28 №240) хэмээх шүүмждээ “...Ноён хутагтын сэтгэлийн орчлонг нээж, хүмүүн заяатын төөрөг тавилан хийгээд ертөнцийн түмэн өнгө, буман хувирлын ээдрээ ончрооны учиг учрыг тайлж баатрынхаа оршихуйн өвөрмөц орон зайг цаг хугацааны эргэлттэй уяж, бяцхан жаалхүүгээс их Хутагтын сэнтийд хүрч, улмаар насны хязгаар хүртэлх цадиг түүхийг өгүүлсэн аж. Ингэхдээ Говь мэргэн вангийн хошуунаа V ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан сүүлчийн хурал номын орон буюу ”Цагаан сүм”-ийн тахилч, /“Шарилын сүмийн тахилч” ч гэх/ өвгөн О.Түдэвийн эргэн дурсахуй хийгээд бодол, эргэцүүллийг зохиолын үйл явдлын гол шугам дээр нийтгэн тавьж үзүүлсэн нь романыг цэгцтэй, их хутагтын төөрөг тавилангийн учир зангилааг оновчтой шийдэх боломж бүрдүүлж чаджээ...” гээд Данзанравжаа хутагтын нууц тарнийн эрдмийг нээж Буддын шашин дахь улаан шарын үзлийн талаарх “эндүү ташаа үзэл онолд хатуухан хариулж өгч чадсан”, “ард иргэдийн дотор аман ба бичгээр уламжилсан тухайн цаг үеийнх нь хуучис, домгуудыг сонгож, үйл явдлын өрнөлтийн шугамд зохистойгоор шигтгэн, өдгөө хүртэлх учир битүүлэг, тодорхойгүй асуудлуудыг шийдэхэд шаардлагатай мэдээ зангийг ашиглан бичсэн нь “... түүхэн нөхцөл, холбоо хамаарлыг нээхэд үлэмж зохицож, өмнө үеийн зохиолчдын арга туршлага, барил сэтгэлгээ, ур чадварын үртэй уламжлан сэргэж ашигласан сонирхолтой эрэл ур чадварын түвшин илтгэх”-ийн хамт, “монголын уран зохиолын том зүтгэлтэн, түүний зохиол бүтээл төрсөн, бичигдсэн түүх, урлан судлалын талыг нь хувийн амьдралын онцгой эргэлтийн үеүдтэй нь гүнзгий уялдуулж урласан нь судлагчид, сурагч оюутанд ном заадаг багш, сурган хүмүүжүүлэгчдэд мэдээллийн  чухаг эх сурвалжийн нэг болохын хувьд үнэ цэнтэй юм.хэмээн дээрх судлаачид үзжээ. 

Доктор, профессор С.Байгалсайхан “Гэгээнтэн” романыг өдгөө цаг үед монголчуудын үнэт зүйлс, ялангуяа бурхан шашны соёл дах, гэгээнтэн хувраг, эгэл ард түмэн, төрийн гурвалсан холбоо, нүүдэлчдийн соёл иргэншлийг авч үлдэх хашгираан” болсон зохиол гэж үзжээ.

Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар “Төгөлдөр үнэний яруу дуулал(Нийслэл таймс сонин, 2013.3.12 болон "Зууны мэдээ" сонины 2013.3.13 №59 /4374/ тус тус хэвлэгдсэн) шүүмждээ “Роман бүхэлдээ чамбай болж, хэл найруулга жигд сайхан, монгол хэлний үгийн сангийн баялгаас сайтар уудлан ашигласан, илүү сул үг хэллэггүй, хэг ёг гэсэн болхи толхи найруулгагүй, хуучны үгээр бол хэлний гэмийг арилгаж, үгийн усыг шахсан, үг яруу, найруулга төгс болсон нь аргагүй л оюуны бяр  тэгширсэн, урьдын ёсоор бол  бичгийн их утгач, их бичээч, өнөөгийн үг хэлээр бол их зохиолч, уран бүтээлч хүний часхийсэн чамбай бүтээл болсон нь харагдаж байна... Бүтээлийн нэг олзуурхууштай зүйл бол бурхны шашин хийгээд ерөөс нүүдлийн соёл иргэншилд суурилсан монгол аж төрөх ёс, малчин нүүдэлчин ахуй, иргэний ба шашны утга зохиол, урлаг соёлын талаарх олон талын гүнзгий ойлголт мэдлэгийг тусгасан нь сайшаалтай. Тийм ч учраас эл номыг уншсанаар шашны болоод нүүдэлчин малчин аж төрөх ёсны орхигдож мартагдсан маш олон зан үйл, ёс заншил, монгол ахуй амьдралын мэдлэг ухааныг мэдэж авах болно. Энэ бол уг бүтээлийн бас нэг чухал ач холбогдол мөн.” хэмээн дүгнэсэн байна.

Д.Галбаатар, Б.Хишигсүх нар бичихдээ “...Г.Мэнд-Ооёогийн анхны түүхэн баримтат романд энэ мэт ярих нарийн ширийн ур ухаан, өвөрмөц уран шийдэл, ялгарал бүхий уран дүрийн зан төрх, орчин, нөхцөл байдлын төгс сайхан зохицол хангалттай уусан суужээ... XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, номын их багштаны догшин ширүүн дүр төрхийн цаад талыг Г.Мэнд-Ооёо өөрийн романд түлхүү харуулж, ухаалаг шийдлүүд хийсэн нь хувь хүний зан авир, үйл хэрэгт байж болох талуудыг хулдаж бүдэгшүүлэлгүй бодтой, түүхэн баримтад тулгуурлан эерэг, сөрөг талыг тэгш тэнцүү томон нэгтгэж урласнаар нэгэн цагийн эндүүрлийн гэмийг ариусгасан буянт үйл хэмээн талархах ёстой... Хутагтын цаглашгүй их билиг авъяас, эгэл хүний дотоод эрч хүчний гайхамшигт чанарыг тайлан өгүүлсэнд Г.Мэнд-Ооёогийн романы нэгэн гол ололт буй...” хэмээн дүгнэжээ.


Thursday, December 19, 2013

Уншигчдын сэтгэгдэлүүд...

Tuya Tangad goe blog baina, Mend-Ooyo guai yah argagui saihan bichdeg sain ch zohiolch, Gegeenteng bain bain sohoj harah durtai bolchood baigaa, bayrlalaa
Chuluunceceg Chuka Bas mash sain sudlaj baij bichdeg. Mend -Ooyo guin talaas bichsen zahidal gedeg uguulleg baidag uneheer yum boduushtai tuugeer ni france nairuulagch huuhen clipjuulj barimtat kino bolgoj bgaa tun udahgui garna ter ued ni zohioltoin hamt niitelne

Л. Гантулга тасархай бүтээл... өөр юу хэлэхэв

 

Friday, October 11, 2013

“Үндэсний шуудан” сонины тоймч Б.Ганчимэг нэгэн ярилцлагадаа

"... Г.Мэнд-Оёо гуайн “Гэгээнтэн”-г уншлаа. Дулдуйтын Равжаа, Дорнын говь хоёрын супер реклам болжээ. Ер нь бол Г.Мэнд-Оёо өндөрт зогсч байгаа зохиолч юм байна..." ийн үгүүлжээ:  http://ganchimeg.niitlelch.mn/content/4943.shtml


Wednesday, August 28, 2013

Эрээнцаваас ирсэн уншигчийн захиа

Г.Мэнд-Ооёогийн бүтээл “Гэгээтэн” баримтат романы тухай

Яруу найргийн  дагшин орноос уншигчийн захиа
          

 Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн” романаа олны хүртээл болгоод даруй нэг жил болжээ. Энэ зохиол олон жил бодож төлөвлөж байж бичигдсэн зохиол ажгуу. Би тэр жил төрийн шагналт зохиолч Л.Түдэвийн “Оройгүй сүм”, С.Эрдэнийн “Занабазар” романыг уншиж сэтгэлийн цэнгэл эдэлж байснаа санаж байна. Монгол улсын утга соёлын их мастеруудын нэгэн болсон Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” романы зохиомж өөрөө нийгмийн захиалгатай, жамаараа цаг нь ирж төрсөн түүхэн баримтат бүтээл гэж ойлгож байна. Түүний энэ бүтээл ийнхүү хүний сэтгэл татагдтал бичигдэнд гайхах юм алга.  Би амьдралынхаа  турш бас ч үгүй  нилээд олон сонгодог ном уншсан. Гэвч энэ мэт цагаа олсон шинэ бүтээлийг уншиж танилцах үед өнө эртний сайн нөхөртэй уулзсан мэт амьдрал дунд  байдаг олон асуултын хариуг нэгэн зэрэг авах мэт болж байв.
         Миний хувьд хүүхэд ахуй цагаасаа  эхлэн Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүдийг амтархан уншиж ирсэн. 

         Говийн догшин хутагт Данзанравжаагийн тухай энэ гайхамшигт роман  хүмүүсийн оюуны эрэлт хэрэгцээг хангасан дорвтиой бүтээл болжээ.  Буддизм, соёл шинжлэх ухааны хувьд ихээхэн дэвшлийг харуулсан зохиол аж. Хутагт хүний амьдралыг баримт түшиж ийнхүү чадварлаг туурвисан зохиол тийм ч олон биш байхаа. Энэ хүний зохиол бүтээл туурвидаг тэр аугаа их номын өргөөнд олон жил орж гарч явсан. Тэр увдист номын агаарт ариусаж явснаа их хувь завшаан хэмээн ойлгодог.  Өмнө нь “Алтан овоо” хэмээх нутаг усны магтуу болсон алдартай зохиолыг нь олон удаа уншсан.
         Гэгээнтэн  зохиолыг дахин дахин уншаад баймаар санагдах аж. Равжаа хутагтын тэр их олон шад мөр шүлгийг нэгэн номноос энгийн аргаар утга төгс мэдэрч  авах боломжийг олгосонд  уншигч би бээр ихэд таатай хүлээн авсан. Энэ сайхан номын авшига болсон  “соронзон  орон”-ы таталцлаас гармааргүй санагдаж, ахин дахин уншмаар байлаа.  Намайг хүүхэд ахуй үеэс  номын амтанд хөтөлсөн энэ эрхэм хүний дэргэд байхад ярих үгээ товчлох, бага ярьж ихийг сонсож мэдэх, аливаад биеэ сэтгэлээ бэлэн байлгах ийм л хүмүүжлийг олж авч билээ. 

         Ийнхүү  аугаа хутагтын нэгэн насны амьдралыг нүдэнд харагдаж, тухайн үед амьдарч байсан үеийг уран сайхан, баримтад түшиж гаргасан хийгээд тэр үед амьдарч яваа мэт номын ариун агаарт хөвөж байв. Ийнхүү эгэл бус хутагт хүний амьдралыг ингэж харуулах тийм амар гэж үү? 

        Энэхүү  роман олон хүний ширээний ном болсон нь дамжиггүй. Хэдэн ч удаа уншсан уйдахааргүй, аливаа эрэл хайгуулч хүн өөрөө өөртөө нээлт хийхэд зүг чиг болмоор уран сайхны баримтат зохиол болжээ. Энэ бүтээлд олон эрдэмтэн, зохиолч, уншигчид   өөрийн санал, дүгнэлтийг өгөх нь дамжиггүй. Эхнээсээ түүний цахим хуудасанд санал сэтгэгдэл, номын тухай бичээд эхэлчихжээ. Баярлалаа танд,  уран бүтээлийн  эрэлч хайгуулч мэдрэмж тань улам төгс гэгээрлийг олох болтугай.


Б.ЭРДЭНЭБАЯР
Эрээнцав дахь гаалийн салбарын эрхлэгч

2013.08.07

Wednesday, March 20, 2013

ТӨГӨЛДӨР ҮНЭНИЙ ЯРУУ ДУУЛАЛ



                                                              
Энд надтай учирсан амьтан бүгд                                                                                                Янагуухь үзэгдлийн дороос тонилмаань                                                                                  
Утгыг онох болтугай...           
                                                                                                            Данзанравжаа
           

"Нийслэл таймс" 2013.3.12
         
"Зууны мэдээ" 2013.3.13 №59 /4374/

  
Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” эсээ роман хэвлэгдэн гарч, уншигчдын анхаарлын төвд байгаа билээ. Романы тухай манай утга зохиолын хүрээний шилдэг хөтөч шинжээчид болох Ч.Билигсайхан, Д.Галбаатар, С.Хишигсүх нар үгээ хэлж, үнэлж дүгнэжээ. Др.Ч.Билигсайхан тэнгэрт халихынхаа өмнөх сүүлчийнхээ бичлэг болгож “Гэгээнтэн” романд шүүмж бичсэн нь учиртай биз ээ. Тэрээр: “Равжаа хутагтын багын ядуу тарчиг амьдрал, тэр дотроос эгэл бус хувь заяаны төөргөөр сод билгүүн оюунтай эрхэм хүмүн болон шалгаран гарсан ховор хувь тавиланг Мэнд-Ооёо элит зохиолчийн эрдэм оюун, баримтыг боловсруулах, дүгнэх, утгыг нээн гаргах, холбогдох үүх түүхийг задлан үйл явдлын шугамдаа холбон оюун дүгнэлт хийх гэх мэт өнөөгийн XXI зууны дэлхийн эссэ зохиол бичдэг чадвартнуудын чөлөөтэй атлаа сонгомол гэхээр аргуудыг зохистой сайхан хэрэглэсэн зэрэг нь эл туурвил содон, өнөөгийн дэлхийн ийм төрлүүдийн зиндаанд хүрсэн бүтээл болсны учир шалтгаан бололтой” гэж уг бүтээлийг жинтэй үнэлжээ. Билигсайхан багштан бурхны оронд залрахдаа хутагтын авшигаар мөрөө гаргуулж, хонх дамрынх нь адбиш гайхамшигт дуунаар ихэд гэгээрч нирваан дүрийг олж одсон гэдэгт итгэнэм.


Thursday, January 17, 2013

“ГЭГЭЭНТЭН” ЯАЖ ТӨРСӨН БЭ?


/Хурмаст Тэнгэр сэтгүүлд нийтлэгдсэн/


Г.Мэнд-Ооёо

“Гэгээнтэн” роман хэвлэгдэн гарснаас хойш “Данзанравжаа хутагтын тухай яагаад бичих болов?” гэх асуулттай олонтаа тулгарах болов. Надад ч бас өөрөө энэ асуултад “Тэгээд” гэх бэлэн хариулт үгүйгээ мэдээд “ Би ер нь яагаад Данзанравжаа хутагтын тухай сэдвийг зориглон авсан юм бол?” хэмээн өөрөөс бас асууж үзэв. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа бол ер бусын гайхамшиг, чинадын нууцсаар дүүрэн агуу том ертөнц юм. Түүнийг ойлгох нь алс холын од гаригсыг нээхээс ч хэцүү. Тийм түвшинд хэдэн төрөлдөө ч хүрч очихгүй биз хэмээх бодлоор би өөрийгөө чөдөрлөсөөр олон жилийг үджээ. 



Wednesday, January 16, 2013

ТҮМЭН МЭСИЙН ГЭГЭЭНТНИЙ ДЭЭД ТААЛАЛ ОРШЖИХУЙ



  Б.ХИШИГСҮХ  (дэд профессор
  Д.ГАЛБААТАР (профессор)


Өөрсдийн өчүүхэн чадлыг умартан анхаарал сонирхлыг минь татсан нэгэн шинэ романы тухай хошуу дүрж олонтой бодол санаагаа хуваалцахгүй бол сэтгэл санаа амирлахгүй болтой. Энэ нь яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн  “Гэгээнтэн” хэмээх түүхэн баримтат роман юм.
Говь мэргэн вангийн хошуунаа тодорсон тавдугаар дүрийн Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа гэгээнтний арга, билиг хосолсон далд чинадын их хүчин, гайхалтай рид хувилгаан чанарын тухай өгүүлэх нь молхи бидний хувьд оюуны тамир тэнхээг шавхаж, оюуныг цуцаасан хүнд ажил гэдэг нь ойлгомжтой. Чухам ийн үг хэлэхийг зориг гаргасан нь уг бүтээл уран сайхны роман байсантай л холбоотой юм. Хориодхон жилийн өмнө Ноён хутагтын зэрэг зиндааны онцгой дээд язгуурт хүмүүсийн тухай зохиол бичих бүү хэл Их, дээд сургуулийн уран зохиолын мэргэжлийн хичээлийн хөтөлбөр зэрэгт ч яриатай хөөрөөтэй, хагас хугасхан тусч асныг л мэдэх юм.