ҮНЭНИЙ
ТӨГӨЛДӨР ДУУЛАЛ – “ГЭГЭЭНТЭН”
(Г.Мэнд-Ооёогийн
“Гэгээнтэн” романы тухай)
Ч.БИЛИГСАЙХАН
Профессор, доктор
Гомбожавын
Мэнд-Ооёо Говийн тавдугаар ноён хутагт Монголын их соён гэгээрүүлэгч, суут билэгт
яруу найрагч, ижилгүй хурц авьяас билэгтэн, эгэл бусын их увдис эрдэмтэн
Данзанравжаагийн тухай “Гэгээнтэн” (2012 Улаанбаатар хот) романаа бичиж хэвлүүлжээ.
Баруун
ертөнцийн ихэнх орон Христ болон Библийн домог сургаалийг өөрсдийн үзэл онолын
эхийг гээд амь тавьцгаадаг нь өнөөдөрийг хүртэл огтхон ч хувирсангүй. Лалынхан
Ислам ёс заншил, домог бүхнээ доромжлох илрэл бүрийд яаж хилэгнэн зэвүүцсээр
өнөөг хүрэв?! Буддын шашин өнөөг хүртэл Энэтхэг, Япон, Балба зэрэг дорнын олон
орон, бүр Америк хүртэл ямар өндөр зэрэгт хүрч, хөгжил дэвшлийн баталгаа нотолгоо
болж буйг бид харж байна. Хүннү нар алтан бурхан шүтэж ирсэн эрт үеэс аваад,
монголчууд Буддизмыг шүтэж, ахуй амьдралдаа хатуу мөрдөж ирсэнийг манай түүх
гэрчилнэ. Харин XVII зууны
үеэс Буддын шашныг Түвдүүд ёс заншилдаа ойртуулах зэрэг шалтгаанаар Зонхова
Богд нэлээд шинэчлэл хийж шарын урсгалыг түлхүү хөгжүүлснээр Ламайзм хүчээ
авсан юм. Энэ үе Манж нар Азид ноёрхож эхэлсэн цаг үетэй тохиосон нь Шарын
урсгал Ар Өвөр Монгол, Буриад Халимагт ноёлох шүтлэг болон Манж нарын улс
төрийн бодлогыг нэвтрүүлэх таатай нөхцөл болон хувирчээ. Энд Түвдүүд, тэдний
өөрсдийн шашинд хийсэн шинэчлэл ч буруугүй, өөр хүчтэй улс төр колончлох шинэ
давалгаа буруутай. Чухам энэ үеэс Буддизмын улааны болон шарын урсгалын зөрчил
тэмцэл хүчээ авчээ. Энэ түүхэн шинэ үе Монголд шашин шүтлэгийн хувьд яахын
аргагүй сорилт болов. Ихэнх шашин соёл судлаачид, улааны урсгалыг язгуурын
Буддизмд илүү ойр дөт, хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөнд ч таатай нөлөөлж,
хүний нууцлаг, бурханлаг чанаруудыг гойд хөгжүүлэн нээдэг гэдэг. Яг энэ тухай
хэрэг явдалыг тогтож судалгаатай, соёл түүхийн сүүлийн 100 шахуу жилийн үнэнд
ойр, үзэл сурталын элдэв явцуу хэмжээст баригдалгүй бичигдсэн нэгэн чамбай,
сонгомол “элит” хэв төлөвийн эссэ роман “Гэгээнтэн” юм. Энэ туурвил 19-р зууны
Монгол үндэстэний дотроос тодрон гарч ирсэн, говийн тавдугаар дүрийн ноён
хутагт Данзанравжаа (1803-1856) хэмээх
Буддын нууц тарнийн увдисыг гаргуун эзэмшсэн, их зохист аялгууч-яруу найрагч,
ер бишийн их хүмүүний үнэн түүх, амьдрал хувь заяаных нь нууцлагдмал талуудыг
тод харуулжээ. Равжаа хутагтын багын ядуу тарчиг амьдрал, тэр дотроос эгэл бус
хувь заяаны төөрөгөөр нэвт гэрэлтсэн их авьяас билиг, гоц мэдрэмж, юм үзэгдлийн
далд байх нууц шинж төлөвийг харах билгүүн мэлмийтэй, сод билгүүн оюунтай эрхэм
хүмүүн болон шалгаран гарсан ховор хувь тавиланг баримт хууч, домог, нүдээр
үзэж биеэр туулсан шавь нарын гэрч баримттай яриа дурсамж зэрэгт тулгуурлан
Мэнд-Ооёо элит зохиолчийн эрдэм оюун, баримтыг боловсруулах дүгнэх, утгыг нээн гаргах,
холбогдох үүх түүхийг задлан үйл явдлын шугамдаа холбон оюун дүгнэлт хийх гэх
мэт өнөөгийн 21-р зууны дэлхийн эссэ зохиол бичдэг чадвартануудын чөлөөтэй
атлаа сонгомол гэхээр аргуудыг зохистой сайхан хэрэглэсэн зэрэг нь эл туурвил
содон, өнөөгийн дэлхийн ийм төрлүүдийн зиндаанд хүрсэн бүтээл болсоны учир
шалтгаан бололтой. Жишээлхэд, Манжийн хааны талынхан Ноён хутагтуудад хэрхэн
хандаж ирсэн байдал, улс төрийн учир шалтгаан болон Хааны ордон, шашны их бага гурван дүрийн
Монгол Жанжаа хутагтуудын Монголын соёл Буддын шашны зохистой дэлгэрэлтэд
хэрхэн нөлөөлсөн зэрэг түүхэн хэрэг явдлуудыг баримт товчоон, цадиг намтарт нь
уйгагүй шүүн хандаж, Ноён хутагтын дүрийг гаргажээ. Ноён хутагтын ер бусын хурц
шинж багаас нь тодорч ирснээр, түүний монгол багш нар энэ явдлыг Манж
Хятадуудаас нууж, эрдэмтэй багш нар тусгайлан томилж эрдэм авьяасыг нь
нээгдлүүлэн, нууц тарнийн ухаанд гүнзгийрүүлж, төрж өссөн нутаг болох Монголын
их говьд – Өвөр Хамарын бяцхан хийдэд нь аваачиж, их эрдэм нь цогшин дүрэлзэх
нөхцөл бололцоог нь хангажээ. Гэвч хурц авьяас нэг дүрэлзэхээрээ юунд ч
хаагдалгүй, Халхын их хүрээ, Хөх нуур, Дээд Монгол, Алшаа, Тангад бүр Манжийн
хааны ордон, Долнуурын газарт суу дуулиан нь түгжээ. Энэ бүх нууцалсан үнэн
түүхийн улбааг Мэнд-Ооёо нямбай нэгжин судалж, 200 шахуу жилийн дараа зохих
байранд нь гаргаж тавьж байгаа нь Монголын соёл Буддизмын түүхэнд том дэвшилт
үйл болж байна.