Wednesday, January 16, 2013

ҮНЭНИЙ ТӨГӨЛДӨР ДУУЛАЛ – “ГЭГЭЭНТЭН”


ҮНЭНИЙ ТӨГӨЛДӨР ДУУЛАЛ – “ГЭГЭЭНТЭН”
(Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” романы тухай)



Ч.БИЛИГСАЙХАН
Профессор, доктор

Гомбожавын Мэнд-Ооёо Говийн тавдугаар ноён хутагт Монголын их соён гэгээрүүлэгч, суут билэгт яруу найрагч, ижилгүй хурц авьяас билэгтэн, эгэл бусын их увдис эрдэмтэн Данзанравжаагийн тухай “Гэгээнтэн” (2012 Улаанбаатар хот) романаа бичиж хэвлүүлжээ. 
Баруун ертөнцийн ихэнх орон Христ болон Библийн домог сургаалийг өөрсдийн үзэл онолын эхийг гээд амь тавьцгаадаг нь өнөөдөрийг хүртэл огтхон ч хувирсангүй. Лалынхан Ислам ёс заншил, домог бүхнээ доромжлох илрэл бүрийд яаж хилэгнэн зэвүүцсээр өнөөг хүрэв?! Буддын шашин өнөөг хүртэл Энэтхэг, Япон, Балба зэрэг дорнын олон орон, бүр Америк хүртэл ямар өндөр зэрэгт хүрч, хөгжил дэвшлийн баталгаа нотолгоо болж буйг бид харж байна. Хүннү нар алтан бурхан шүтэж ирсэн эрт үеэс аваад, монголчууд Буддизмыг шүтэж, ахуй амьдралдаа хатуу мөрдөж ирсэнийг манай түүх гэрчилнэ. Харин XVII зууны үеэс Буддын шашныг Түвдүүд ёс заншилдаа ойртуулах зэрэг шалтгаанаар Зонхова Богд нэлээд шинэчлэл хийж шарын урсгалыг түлхүү хөгжүүлснээр Ламайзм хүчээ авсан юм. Энэ үе Манж нар Азид ноёрхож эхэлсэн цаг үетэй тохиосон нь Шарын урсгал Ар Өвөр Монгол, Буриад Халимагт ноёлох шүтлэг болон Манж нарын улс төрийн бодлогыг нэвтрүүлэх таатай нөхцөл болон хувирчээ. Энд Түвдүүд, тэдний өөрсдийн шашинд хийсэн шинэчлэл ч буруугүй, өөр хүчтэй улс төр колончлох шинэ давалгаа буруутай. Чухам энэ үеэс Буддизмын улааны болон шарын урсгалын зөрчил тэмцэл хүчээ авчээ. Энэ түүхэн шинэ үе Монголд шашин шүтлэгийн хувьд яахын аргагүй сорилт болов. Ихэнх шашин соёл судлаачид, улааны урсгалыг язгуурын Буддизмд илүү ойр дөт, хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөнд ч таатай нөлөөлж, хүний нууцлаг, бурханлаг чанаруудыг гойд хөгжүүлэн нээдэг гэдэг. Яг энэ тухай хэрэг явдалыг тогтож судалгаатай, соёл түүхийн сүүлийн 100 шахуу жилийн үнэнд ойр, үзэл сурталын элдэв явцуу хэмжээст баригдалгүй бичигдсэн нэгэн чамбай, сонгомол “элит” хэв төлөвийн эссэ роман “Гэгээнтэн” юм. Энэ туурвил 19-р зууны Монгол үндэстэний дотроос тодрон гарч ирсэн, говийн тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаа (1803-1856) хэмээх Буддын нууц тарнийн увдисыг гаргуун эзэмшсэн, их зохист аялгууч-яруу найрагч, ер бишийн их хүмүүний үнэн түүх, амьдрал хувь заяаных нь нууцлагдмал талуудыг тод харуулжээ. Равжаа хутагтын багын ядуу тарчиг амьдрал, тэр дотроос эгэл бус хувь заяаны төөрөгөөр нэвт гэрэлтсэн их авьяас билиг, гоц мэдрэмж, юм үзэгдлийн далд байх нууц шинж төлөвийг харах билгүүн мэлмийтэй, сод билгүүн оюунтай эрхэм хүмүүн болон шалгаран гарсан ховор хувь тавиланг баримт хууч, домог, нүдээр үзэж биеэр туулсан шавь нарын гэрч баримттай яриа дурсамж зэрэгт тулгуурлан Мэнд-Ооёо элит зохиолчийн эрдэм оюун, баримтыг боловсруулах дүгнэх, утгыг нээн гаргах, холбогдох үүх түүхийг задлан үйл явдлын шугамдаа холбон оюун дүгнэлт хийх гэх мэт өнөөгийн 21-р зууны дэлхийн эссэ зохиол бичдэг чадвартануудын чөлөөтэй атлаа сонгомол гэхээр аргуудыг зохистой сайхан хэрэглэсэн зэрэг нь эл туурвил содон, өнөөгийн дэлхийн ийм төрлүүдийн зиндаанд хүрсэн бүтээл болсоны учир шалтгаан бололтой. Жишээлхэд, Манжийн хааны талынхан Ноён хутагтуудад хэрхэн хандаж ирсэн байдал, улс төрийн учир шалтгаан болон  Хааны ордон, шашны их бага гурван дүрийн Монгол Жанжаа хутагтуудын Монголын соёл Буддын шашны зохистой дэлгэрэлтэд хэрхэн нөлөөлсөн зэрэг түүхэн хэрэг явдлуудыг баримт товчоон, цадиг намтарт нь уйгагүй шүүн хандаж, Ноён хутагтын дүрийг гаргажээ. Ноён хутагтын ер бусын хурц шинж багаас нь тодорч ирснээр, түүний монгол багш нар энэ явдлыг Манж Хятадуудаас нууж, эрдэмтэй багш нар тусгайлан томилж эрдэм авьяасыг нь нээгдлүүлэн, нууц тарнийн ухаанд гүнзгийрүүлж, төрж өссөн нутаг болох Монголын их говьд – Өвөр Хамарын бяцхан хийдэд нь аваачиж, их эрдэм нь цогшин дүрэлзэх нөхцөл бололцоог нь хангажээ. Гэвч хурц авьяас нэг дүрэлзэхээрээ юунд ч хаагдалгүй, Халхын их хүрээ, Хөх нуур, Дээд Монгол, Алшаа, Тангад бүр Манжийн хааны ордон, Долнуурын газарт суу дуулиан нь түгжээ. Энэ бүх нууцалсан үнэн түүхийн улбааг Мэнд-Ооёо нямбай нэгжин судалж, 200 шахуу жилийн дараа зохих байранд нь гаргаж тавьж байгаа нь Монголын соёл Буддизмын түүхэнд том дэвшилт үйл болж байна.




Ер нь агуу их хүний түүхэнд гүйцэтгэсэн гэгээн үйлс ямар ч хатуу хэцүү цагийн хаалт хоригийг хэзээд ч даван гарч, хэдий он цагийн гэсгээлт тавиланд өртсөн ч нэгэн сайн цаг ирэхэд мартагдахын “хатуу хөрсийг цоолон гарч ургадаг ажээ”.  Өнөөдөр өмнийн тэр тослог бор говийн хөрснөөс их хутагтын нандингууд зуу гаруй бор авдартайгаа гарч ирж үүцээ, нууцаа нээлээ. Их хутагтын гарынх нь итгэлт шавь тахилч Түдэв өвгөн, түүний зээ хүү Алтангэрэл  нарын хүмүүс социализмын хар суртал бүхнийг дарж асан бэрх хэцүү цагийг туулуулан бидэнд авчирлаа. Энэ хүмүүсийн зориг сэтгэлийн тэнхээг юутай ч зүйрлэмээр алдар гавьяа юм бэ дээ! Устаж үгүй болдоггүй юм гэж заяа тавилангаараа цаанаасаа байж байдаг юм байжээ. Энэ бахархал, харамсал төрүүлэх үйлс өөрөө мартагдалгүй гарч  ирэх тавилантай нь бүүр ч гайхалтай. Гайхалтайн бас нэг жишээ нь энэ явдалыг хөөн бичих тэр авьяастанаа түүх абугай бас мартаагүй явдал. Энэ үүргийг Мэнд-Ооёо гэдэг нэгэн бичээч гүйцэтгэх ёстой байж. Үүний тулд түүнийг Монголын соёлд зүтгүүлж, түвд хэл, соёл судлуулж, Монголын шашин соёлд хоёргүй сэтгэлээр нааж наалдуулсан байна. Монголчууд юм учиртай гэж хэзээнээс ярьж ирсэн нь энэ мэт. Равжаа хутагт Галбын гурван хийдээ дүвлэн бүтээж хойчийн бидэнд тэмдэг тавьсан тэр газар өнөөдөр Оюу толгойн зэс алтны орд дэлхийд Монголын алдарыг түгээж байна.
Эссээ романд онцлох содон хэрэг явдал, шинэ утга учир оруулан нээж судалж тавьсан хэд хэдэн ноцтой баримт байгааг тэмдэглэх учиртай. Алшаагийн Дандар лхарамбатай Ноён хутагт нутагт нь уулзан учирч буй сайхан дүрслэл, Монголын их яруу найрагч, эгэлгүй эрдэм увдистан Тавдугаар ноён хутагт Данзанравжаа 19-р зууны их яруу найрагч, эрдэмтэн Дандар лхарамба нарын уулзсан баримт дүрслэл, тэд Түвдийн их яруу найрагч, 6-р Далай лам Цаянжамцын шарил хэрхэн Алшаагийн ууланд залагдсан хийгээд түүний амьдралын сүүлчийн өдөр болон таалал болсоны дараа Алшаагийн ууланд Манж түвдүүдээс нууцлан залсан зэрэг сайхан баримтыг эссэ зохиолчийн эрдэм ухаанаар энд оруулсан байна. Бас “Саран хөхөөний намтар” дуулуулах дэгийг найруулан тавих тухайд Дандар лхарамбатантай уулзаж тэр нутагт тавигдсан Милын намтар, Богд Адишагийн намтар зэрэг нь азтай учрал болов. Мөн Их хүрээний Хайдав хамба буюу Агваанхайдавтай Хүрээнд уулзсан, Хүрээ бэйс Нямбуудоржийн хүсэлтээр Алшаагаас газар товчлон ирж, зам мөрийг нь засаж их буян үйлдэж буй тэргүүтэний тухай гэх мэт олон сайхан баримт эши орсон нь эссээ роман урлаачийн уйгагүй зүтгэл хөдөлмөр юм.
Эссэ романд Буддизмын онолын тулгуур үзэл номлолуудаас багтаасан хэд хэдэн домог оруулан зохиолынхоо утгыг тодруулжээ. Буддын номлол таалалд судар тарнийн буюу дандарын аймгийн номлол нэн гайхамшигтай, бас ухаарахад их эрдэм ухаан хэрэгтэй гэдэг. Тарнийн номлол шастир ч ихэнхдээ санскрит буюу самгард хэлээр байдаг гэдэг. Самгард хэл бол дорно дахины эртний номын үндсэн хэл. Европ дахины латин хэл гэсэн үг. Буддизм судлах хүн Самгард хэлд нэвтрэх ёстой. Эртний Монголын номын мэргэд энэ зам мөрөөр явжээ. Түвд хэл шарын шашины ёс заншилыг өнөөдрийнх шиг ингэтлээ ёсчилон дагаж хоосон цээжилж эхэлсэн нь бүүр хожим 18-19-р зуунаас эхтэй. Монголд Буддын шашин соёл эрт үеэс Жагар орноос ирсэн нь ч тодорхой. Энэтхэг Жагарын шашин соёл, зан заншил Монголд гүнзгий нөлөөлж иржээ. Ялангуяа нууц тарнийн номлол, гүн эрдэм увдис сэлт Энэтхэгээс самгард хэлээр шууд уламжлан ирсэн нь Монголоос номын суут мэргэд гэгээнтэн олон тодорсноос илэрхий. Тэдгээр гэгээнтэнүүдийн сүүлийн ер бусын их нэг төлөөлөгч нь Тавдугаар ноён хутагт Данзанравжаа юм. Тэрбээр Энэтхэгт очиж Буддизм судалсан баримт үгүй ч тэр эрт үеийн Монгол номын мэргэдийн замаар Монгол хутагтуудын Хятад Манж Түвдүүдээс нууцлан гүнзгийрүүлсэн их эрдэм, нууц тарнийн увдис нэвтэрсэн тухай романд хэд хэдэн хуучийг багтаасны дотроос Үржинхандын орноос нууц тарнийн увдис залж ирсэн Жагар Молом хэмээх Монгол хоньчин хүүгийн тухай домгийг Равжаа хутагт өөрөө ярьж буй дүрслэл нэн оновчтой сайхан болжээ. Буддын гол онол эшийг Монголчууд саяхан Түвдээс бус, эртний эх орон Энэтхэгээс нь Бурхан багшийн номын эхээс авсан, эртний их соёлт үндэстэн гэдгийг нотолсон сайхан жишээ энэ юм. Ер нь Монголчууд бид чинь нэн эрт үеэс Буддизмыг үүссэн орноос нь авсан ховор хувь заяатай үндэстэн ажээ. Буддизмыг судлаач, шүтэн биширэгчид нь санскрит хэлийг судалдаг нь тогтсон хууль. Орост, Петрбургийн их сургуульд эхнээсээ санскрит эрдэмтэдийг дээдлэн, Славян соёл иргэншилд санскрит хэл, эртний Энэтхэгийн вээдийн соёл, Буддын онол эши хэрхэн холбогдож буйг өнөөг хүртэл гүнзгийрүүлэн судалж ирэв. Их эрдэмтэн Н.Рерих, И.Шербатской, Г.Олденбург, Лев Гумилев нар энэ замд нэгэнт гарч ирсэн ч харамсалтай нь нөгөө улаан хувьсгалын лай балгаар энэ бүхэн тасалдсан эмгэнэлтэй түүх үлджээ.
“Гэгээнтэн”-д анх удаа Монголын Буддизмд эх хүн эмэгтэйчүүдийг хүндэтгэж ирсэн үнэн түүх зүй ёсоор гарч ирэв. Равжаа хутагтад нууц тарнийн онол сургаал заасан Дүйнхор гэгээн “Дүйнхорын номын оронд зорчин үйлдэхүйн түргэн дөт зам, бие эрхтэнүүдийг хурцлан нууц тарнийн мөрд хөтлөх нэн ховор нууцийн жүдийг танд соёрхож, одоо тасрахын даваан дээр сүүлчийн ганц утсанд торж үлдээд байгаа уг жүдийг эдүгээ яг арван зургаан насанд тулж ирсэн ноён хутагтад уламжлуулахаар Жанжаа гэгээн надад даатган хүлээлгэсэн болой. Шавь та нэгэнт эр бие цээнд хүрч, ертөнцийн арга билгийн ухаан, эр эмийн ёсыг ойлгох болсон тул ёсыг гүйцэтгэхэд ичингүйрэх мэт боловч тарнийн мөрд ороход лам болгонд олдохуйяа бэрх ховор нандин хориотой нууцын таалал тул хичээгээрэй” хэмээн хэлээд Шандуугийн голын хөвөөнд таарсан Буяндэлгэр хэмээх Монгол бүсгүйг дагуулан ирж “аргын зэндмэнээ, билгийн бадмад учруулах дүрэлзсэн их эрчисээ дээд орон руугаа одуулаарай” хэмээн жүдийн ёсыг үйлдэхийг заан соёрхсон ажээ. /40-41 тал/ Хожим Ноён хутагт өөрийн дотнын шавь Дадишурад Галбын хадан дунд “Миний гадаад дүрс бол зүгээр нэг Равжаа шүү дээ. Чухамдаа миний хутагт бол дотоод огторгуйдаа буй. Тэнд л миний чинадын сүм оршино. Миний бурхан чинадын тэр аглагт буй” хэмээн ярьж байна. Романд Их хутагт, түүний эцэг насаараа дулдуй барьж гуйлагчин төрхөөр буяны үйлд зүтгэсэн эцэг хүү хоёрын хайр энэрэл нигүүлсэлийг маш сайхан зураглажээ. Таван бөлөгт багтаасан Тавдугаар ноён хутагтын ил далд цадиг түүхийг үнэхээр амьд судалгаа дүгнэлттэй гаргасан энэ бүтээл шинэ зууны роман эссэ гэсэн чухаг төрөлд дүйцэх туурвил болжээ.
Агуу их хүн төрөх, шалгаран гарч цойлон өөрийн үеэ утга учиртай болгон гайхамшигийг бүтээгээд, тэр цаг үеийн олон түмнийг гайхашруулан, бас атаа хорсолын их давалгааныг эрчилүүлэн босгоод хоромхноо алга болдог тэр л тавилангийн эрхээр ирээд буцаж дээ, Равжаа хутагт маань. Ийм гайхамшигт хүмүүс ихэнхдээ богино настай, ер бусын явдал суудалтай байдаг, бас бахархал харуусалыг хослуулан амьдраад, олныг ер бусын сэтгэлгээнд төөрүүлээд оддог ижилхэн тавилантай. Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” эссээ романд гаргасан энэ үлгэртэй сайхан замналын дагуу Монголын их хутагт гэгээнтэн, их хаад, ачлалт их хүмүүсийнхээ тухай үнэн бодитойгоор бичиж, харийнханы зориуд тараасан худал хуурмаг түүхийн бичвэрүүдийг илчлэн гаргах нь Монголын бичиг соёлын жинхэнэ төлөөлөгч, их авьаястан, эрдэм соёлд энэ биеэ зориулсан, эх оронч Монгол бичээч нарын эрхэм үүрэг шүү гэдгийг зориуд тэмдэглүүштэй.
Америкийн хүн судлаач, суут эрдэмтэн, шударга үнэнийг зоригтой илчлэгч Жак Уейтэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” ном Монголын юм боддог ухаалаг сэхээлэг олон хүнд эрхгүй нэгийг сануулж, хоёрыг бүтээх хүслийг оргилуулж буй гэдэгт итгэлтэй байна. Сайн цаг ирж, сайхан үйлс ч Монголчуудыг тосч байна даа. Өндөр Гэгээн, Ноён хутагт хоёрт ухааны ур, сэтгэлгээний шинэчлэгч хараа гэдэг уран бүтээлчийн сүлд чанар дээр энэ ертөнцийн юм үзэгдэлийн чинагуухи мөн чанартай нь харгалдуулан үзэж, нууц далд шинж чанарыг нь нээх, бурханлаг увдисыг нь танин мэдэж чаддаг ер бишийн шид хутаг байсан нь илтээ! Танин мэдэхүйн энэ онцгой чанар жирийн хүнд оногдоогүй тавилан. Энэ хоёр агуу их Монгол хүн үүгээрээ л гэгээн хутагт, цагийн шалгуурыг давсан суу билэгтэн байжээ. Хүний мөн чанарыг олж харна гэдэг онцгой хараа. Өндөр Гэгээн Занабазар, Ноён Хутагт Данзанравжаа нар энэ сайханыг мэдрэх гоо зүйн төгс мэдрэмжтэнүүд байсан. Өндөр гэгээн Монгол Цагаан, Ногоон Дарь эх нарын бие сэтгэлийн нээгдээгүй бурханлаг гоо сайхныг алт мөнгө гууль зэс зэрэг өнгөт металиар сийлэн, хүн төрөлхтөний суу билгийг харуулсан бол, Ноён хутагт “Үлэмжийн чанар”, “Наран зул хулыгаа” тэргүүт олон суут бүтээлүүддээ монгол эхийн хосгүй шинж чанар, хүлэг морьдын хүний хүч чадал ухаантай тэнцэм агуу нууцлаг гоо сайхныг үгийн утга, урын зохиролоор нээж үлдээжээ. Эмэгтэй хүн, эх хүн гэдэг аль ч улс үндэстэнд адилхан гоо сайханы төгс нууцлаг обьект ажээ. Тийм учраас дээрх хоёр суут Монгол гэгээнтэн он цагийн тоосыг нэвтлэн тодорч байна.  С.Эрдэнийн “Занабазар” романыг бид дахин шинэчлэн судлах ёстой. Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” ч ийм л цагийг эзэлсэн бүтээл болж чаджээ.  Харин цаашид Монголын Буддизмын мөн чанар, үүсэл, уг эх үүсэлийг ултай сайн гаргахад, язгуурын Буддизм санскрит соёлыг гүнзгийрүүлэн, Монголын шашны уг эх үүсвэрийг гаргах ёстой. Өндөр Гэгээн, Ноён Хутагт хоёрын урлаг шашны суу билиг, зөвхөн Түвдийн саяны шарын шүтлэг, улаантаны төдийгүй, гол нь Энэтхэгийн санскрит соёл түүх Буддизмын түүхтэй гүнзгий холбогдох нь илт. “Гэгээнтэн”-д энэ талыг гүнзгий үзүүлсэн бол нэн сайн байлаа. Г.Мэнд-Ооёо яруу найрагчийн хувиар Ноён хутагтын шүлэг гүр дуулалыг оновчтой сонгон эссээ романдаа оруулж утгыг гүнзгийрүүлсэн байна. Ноён хутагтын үзэл онол, нууц тарнийн увдис сэлт түүний шүлгүүдэд тэгшхэн шингэсэн нь илт.
Романы төгсгөлд Хутагт өөрийн шавь Балчинчойжоод хойчийн явдал, үйлээ даатган шавьдаа шавьд орж хэрхэн уулзан учирч байх хийгээд, цагийн уртад юу болох, өөрийг нь хаана яаж ёслон оршуулах тэр бүхнээ тодорхой хэлжээ. Бүх юм яг тэр ёсоор болж байна. Хутагтуудын хувь тавилан ийм л байдаг ажээ.
Романд гарсан гайхалтай сайхан дүр бол Дадишура. Ноён хутагтын тухай ном зохиолуудад түүнийг янз бүрээр бичсэн байдаг. Мэнд-Ооёо энэ бүхэнд цэг тавьж, үнэнийг нууц тарнийн үндэснээс нь хөөж нэг мөр болгосон нь том гавьяа төдийгүй үнэнийг үнэнийх нь жам мөрөөр болгож сайн үзүүллээ. Роман эссэнээс жаахан эш татаж  энэ явдлыг тодотгосугай. “Хутагт Дадишураг дэргэдээ суулгаад “Миний Ханд дагина! Чи бид хоёр эр эм байгаагүй ч, арга билэг хоёр байсан маань үнэн. Чи бид хүмүүн заяаны эрхээр бус, нууц тарнийн агаарт нэг байсан. Арван хэдтэй алдрай багаасаа Эгч гуай болтлоо дэргэдээс минь чи холдоогүй. Эгэлийн үүднээс ярих юм бол би чамдаа үнэнхүү чин зүрхнээсээ хайртай. Чи түүнийг мэднэ. Эгэл бусын ертөнцөд чи бид хоёр учирсан учраас багш шавийн тангарагийг хатуу чанд сахижээ. Олон хүмүүс бид хоёрыг эхнэр нөхөр хоёр хэмээн боддог гэнэлээ! Гэнэ алдаж нууц тарнийн бүтээлээс өчүүхэн чөлөөг эгэл биеийн хүсэл цэнгэлд урвуулсангүй.” /309 тал/ хэмээгээд хожим учрах ерөөл тавиад хадганд боолттой өөрийн гэрээс захиас тэргүүнтийг өгөөд салан одож байна.
“Гэгээнтэн” хүчтэй тод бичигдсэн үнэний төгөлдөр дуулал болж чаджээ. Сайн үйл Монголчууд биднийг ивээж, үнэний цагаан мөрд улам гүнзгий оруулах болтугай.






2012.9 сар
Баянмонгол хороолол

"Өнөөдөр сонин"  2012.10.10


No comments:

Post a Comment