Tuesday, December 30, 2014

ГЭГЭЭНТЭНИЙ АЧААР ТАНЬТАЙ УЧИРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА.





Эрхэм номын хүн Г.Мэнд-Ооёо гуай таныг энэ цаг үед бидэнтэй зэрэгцэн оршиж эдүүгээх хийгээд өнгөрсөн бас ирээдүйг таниулах, оршихуйн үнэнг өгүүлэх үүргийг хүлээж суугаад тань талархаад талархаад баршгүй.  Үнэндээ бол таны олон ном зохиол байдаг байхаа, тэр бүр уншиж явсангүй.

Харин их сонин тохиолдлоор таны ГЭГЭЭНТЭН бүтээлтэй учирлаа. Хэд хэдэн удаа гэгээнтнүүдийн талаарх мэдээлэлтэй ойр, ойрхон таараад байлаа, ямар учиртай юм болдоо гэсэн юм бодогдоод тэр бүр сайтар анзаарсангүй.  Тэгж байтал нэг шавь маань та ГЭГЭЭНТЭН гэдэг бүтээлийг олж үзсэн үү гэснээр эрэлд гарч Их дэлгүүрт очтол зарагдаад дууссан гэдэг байгаа. Гэвч азаар үзүүлэнд тавьсан  ганц ширхэгийг нь надад өгснөөр би бөөн баяр хөөр гэртээ ирлээ.

Уншиж эхэллээ. Эхэндээ түүхэн хүүрнэл, сонирхолтой сайхан л зохиол байна. Гайхалтай юмаа гээд л шагшрах үг ч олдохгүй байлаа.  Нэг доор уншаад дуусгачихвал их хайран санагдаад их л аажуухан уншихаар шийдлээ. Энэ зуур ч мөн гадагшаа томилолтоор явах ажил гарч Дубай хотыг зорилоо.

Дубайд байх зуур зөвхөн орой л зав гарч байсан тул ажлын дараа тухтай нь аргагүй үргэлжлүүлэн уншина. Тэр болгонд хамаг шар үс маань босоод гэнэт тэр үеийн хүмүүсийн дунд байгаа мэт мэдрэмж, тэр цаг хугацаа, орон зайд очсон юм шиг мэдрэмж төрнө.  Хамгийн сонирхолтой нь энэ номонд гардаг үйл явдалтай зэрэгцээд миний эргэн тойронд болж буй үйл явдлууд холбогдож эхлээд ч байх шиг бүүр гайхшрууллаа.

Нэгэн орой ажил дууссаны дараагаар багшийнхаа мэдэх нэгэн сонирхолтой бурханлаг газар очих хувь тохиолоо. Нилээд хэдүүлээ очсон болохоор тэнд болсон үйл явдлуудыг  ч бас л юу болоод байнаа хэмээн гайхацгааж, биширцгээж өнгөрөөлөө.  Харин энэ газраас гарахад бидэнд хэдэн алим өгсөн юм. Тэр алимыг хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай, бас ажиглаараа гэж өгсөн хүн нь айлдсан юм.


Нилээд орой болсон хэдий ч нөгөө л Хар хавтаст ГЭГЭЭНТЭН маань чимээгүйхэн инээмсэглээд хүлээж байх шиг орны маань хажуудах ширээн дээр байв. За хэдий ядарсан ч гэсэн хэдэн хуудас уншаад унтая даа гэж бодоод номоо аваад уншиж гарлаа.


Гэтэл тэнд нэгэн ХАР чулууны тухай бичигдсэн байдаг байна шүү. Юу вэ дөнгөж саяхан ирсэн газар ийм хар чулууг шидтэй чулуу  хоосноос гарч ирсэн гээд ярихад нь инээд хүрээд л сууж байж билээ. Тэгэхэд яг адилхан зүйл яахаараа энэ номонд гардаг байнаа.  Харин яг энэ хэсгийг уншиж байхад надад маш сонин мэдрэмж төрсөн. Хамаг биеэр цахилгаан гүйж байгаа мэт бас хүйтэн усанд гэнэт яваад орсон мэт, бүх шар үс босоод л…….. үүнийг юу гэж тайлбарлахыг би мэдэхгүй юм.

Бас нэг орой нь бас л нилээд ядарсан амьтан ажлаа дуусгаад орондоо орохоор хэвтээд дасал болсон зангаараа  номоо авлаа. Жаахан харж байтал өөрийн эрхгүй нүд анилдаад үнэндээ маш их ядарсанаа ойлгон унтахаар хэвтэхдээ номоо буцаагаад тавилаа.  Гэтэл ёстой сонин юм болдог байгаа. Ном маань “Намайг нөгөө талынхаа шүүгээн дээр тавиад өгөөч” гээд байгаа юм шиг, хэлээд би сонсоод ч байгаа юм шиг,  гэхдээ тэр үед за одоо бүүр нөгөө номондоо ороод номын цагаан солио гэдэг болох нь ээ, ажил ажил гэсээр сүүлдээ хий юм сонсдог болох нь гэж бодлоо.

Гэтэл нөгөө анилдаад байсан нойр маань бүрмөсөн алга болдог байгаа. Юу болов оо, сонин юм даа дэрэн дээр толгой тавиад л нам унтдаг хүн чин нойр гэнэт хүрэхээ больчихдог гэж гайхаад за яахав зөнгөө дагаад нөгөө номоо хажууд алимнууд тавьсан шүүгээн дээрээ тавьчихдаг юм билүү гэж шийдээд номоо аваад тавих гэтэл гэнэт уншмаар санагдаад үргэлжлүүллээ. …….. Нөгөө өвгөнд мэдээ ирдэг хэсэг байдаг даа. Зээ хүү төрлөө гээд, тэр хүү нь тал саран мэнгэтэй гээд л ……. Яг энэ хэсгийг уншиж дуусаад унтахаар шийдлээ.

Өчигдөрийн өгсөн алимнуудыг нээрээ ажиглаарай гэсэн. Бас хөргөгчинд битгий хийгээрэй гэсэн болохоор би унтлагын шүүгээнийхээ дээр нь тавьсан байсан юм. Алимнуудаа зайчуулаад номоо тавих гэтэл зай ч гарсангүй, ном маань унах гээд байхаар нь шургуулганд нь хийгээд санаа амарлаа. За одоо нэг сайхан унтая гэж бодоод гэрлээ унтраах гэтэл нэг алиман дээр нь хүний хумсны ороор гарсан аятай хагас саран тэмдэг бүхий харласан хэсэг байх юм. Юу вэ энэ чинь одоо гээд ёстой шоконд орсон доо.

За ингээд л Монголд очингуутаа энэ эрхэм зохиолчтой олж уулзах юм шүү. Бас тэр зохиолд гардаг бодит хүн Алтангэрэл гуайтай ч уулзах ёстой юм байна даа гээд л ирэнгүүтээ уулзах гэж оролдоод, холбоо барингуутаа тэгж ингээд ажил амьдралын олон асуудлууд зэрэгцээд бараг замхрах шахав тэр өрнүүн хүсэл маань. Харин өнөөдөр таны Нүүр Номын хуудсыг олж үзээд бөөн баяр болж таньд өөрийн сэтгэгдлээ өгүүлсэндээ баясаж өнжлөө.

Бас нэг сонин явдал нь би гэдэг хүн гэнэт тэр үеийн гэмээр үг хэллэгүүдийг хэрэглээд эхэлж байгаагаа ажиглав. Нэг орой бүүр хэдэн хөөрхөн мөр шүлэг бичив. Үүнийгээ таньд толилуулья. Харин энэ шүлэгээ азаар FACEBOOK -дээрээ бичсэн тул таньтай ярингуутаа хайсан чинь олддоггүй. Гайхаад уул нь бичсэн л юм даа хаашаа алга болчихдог байна даа гээд бодоод л өдөр би орхисон юм.

Сая ажил дуусаад  нүүр хуудсаа нээтэл таны мессеж байхыг олж хараад PAGE руугаа ортол харин  он, сар, өдөр, цагтаагаа тэндээ байж байгаад нь хичнээн баярлав. Ямар тэр үед би юу гэж бичсэнээ одоо санах биш. Тэгээд энд хуулбарлав.

Номыг уншаад бас тэр нэгэн сонин газар очоод надад ийм л сэтгэгдэл төрж байж тухайн үед:

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг ч наад захын асуудал юм байна. Оргүй хоосноос гэнэт бодит зүйл бий болохыг шинжлэх ухаанд юу гэж тайлбарладаг юм бол. Ийм туршлага байдаг юм болов уу. Аливаа зүйлийг хүн өөрийн нүдээр харж байж л итгэл төрдөг байтал, одоо ч гэсэн зүүд юм шиг санагдах юм.
Хоосон чанараас бүх зүйл урган гарна гэдэг нь үнэн бололтой. Гайхалтай юм аа. Их ч юм үзэх юм байна даа. Мэдэхгүй зүйл ухаарахгүй, ухаан хүрэхгүй зүйл ямар ч их байдаг юм.

Амьдрал гайхалтай юмаа.

Бидний итгэл үнэмшил бидний хувь заяаг өөр өөр хэмжээст хүргэдэг гэдгийг биеэрээ мэдэрлээ.

Бурхан байдаг гэдэгт урьд урьдны итгэл үнэмшилээс хэдэн зуу дахин хүчтэй итгэл үнэмшилтэй боллоо.

Юу хийж байгаагаа ч бас бүрэн ухамсарлалаа.

Мэдээж цаг хугацаа өнгөрөх тусам бас л бүрэн ухаараагүй байснаа ухаарах байхдаа.
Үргэлж л ийм байх юм.

Хүмүүсээ амьдрал сайхан юмаа. Бүх зүйл хувьсаад л өнгөрөх юм, Үүрдийн гэж үгүй юм хойно, болж өнгөрсөнтэйгээ зууралдаж цаг бүү алдаарай, болох гэж буй зүйлд ч санаа бүү зовоорой. харин амжиж мэдэх нэг л зүйл бол аль болох эрт өөрийгөө таньж нээх арга юм байна шүү.

Алаг хөөрхөн хорвоо
Аяа уужим юмаа
Алдрай бяцхан хүмүүний үр
Амжиж өөрийгөө таних л
Аяа энэ амьдралын тань Эрхэм нандин зорилго бусуу
Энх амгаланд хүрэх зам бус уу
Эрүүл аж төрөх ухаан бус уу

Бас энэ зургийг хавсаргасан байж.



Ном бол ертөнцийг харах цонх мөн гэдэг дээ. Гэтэл таны бүтээлийг уншаад Ном бол орчлонд хүрэх шат юм байна гэж ухаарлаа. Хэрвээ тэр нь үнэхээр жинхэнэ ном бол таны жинхэнэ мөн чанарт хүрдэг юм байнаа гэдгийг ч бас ухаарлаа.

Гэгээнтэн хэмээх энэхүү гайхалтай бүтээлийн үйл явдал хэдий өнгөрсөн цаг хугацаанд болсон ч гэсэн яг таныг уншаад эхлэх тэр мөчөөс бидний дотор хүнтэй ярилцан хүүрнэж эхэлдэг амьд бүтээл юм билээ.

Таньтай  өөрийн сэтгэгдлээ хуваалцаж хүндэтгэсэн

Б.Бадамханд
Нийтийн Далд Ухамсарыг Сэрээх “Баярлалаа Төв” ТББ-ын
Олон улсын зөвлөх багш



No comments:

Post a Comment