Утга зохиолын шүүмжлэгч Ү. Хүрэлбаатар
Гомбожавын Мэнд-Ооёо “Бодлын шувуу”нэртэй анхны шүлгийн түүврээ 1980 онд 28
насандаа хэвлүүлснээс хойш 13 жилийн дараа анхны туульсийн том
бүтээл зохист аялгуу болох “АлтанОвоо” туурвилаа 1993 онд хэвлүүлж байсан
саяхан юм шиг санагдаж байна. “Алтан Овоо”-ноос 19 жилийн дараа буюу 2012 онд
“Гэгээнтэн” романаа уншигч түмний хүртээл болгож байна.
Он цагийн энэ алслал, уран бүтээлийн чанар чансаа талаас нь харвал
Г.Мэнд-Ооёо томоохон уран бүтээлдээ цаг хугацааны шүүлтүүр тавьж, жинхэнэ уран
бүтээлчийн ёсоор уран бүтээлдээ үнэнч нягт нямбай хандаж, хам хум салан палан
байдлаас ямагт ангид байж, өөрийнхөө оюун сэтгэхгүйг шавхан, машид бясалган,
сэтгэлгээний даяанчлалд автаж байж тэмтэрч, имэрч, амталж байж бүтээн туурвидаг
уран бүтээлч болох нь тодорхой байна.
Тиймээс “Гэгээнтэн” романыг түүний ээлжит нэгэн ном гэхээсээ илүү,
Тавдугаар ноён хутагтын тухай бүтээл гэхээсээ илүүтэй Гомбожавын Мэнд-Ооёогийн
оюун бясалгалын шинэ томъёолол, өгөгдөхүүн, түүнээс хүлээж болох утга зохиолын
шилдэг бүтээл талаас нь уншигчид хүлээж авсан нь тохиолдлын зүйл биш гэдгийг
энд би онцлон хэлэхийг хүссэн юм.
“Гэгээнтэн” роман юугаараа шинэ, онцлог, гайхалтай бүтээл болсон юм бэ? Энэ
талаар олон зүйлийг эшлэн ярьж болно. Түүнээс хоёр, нэгийн төдий зүйлийг энд
тэмдэглэхийг хүсч байна. Мэдээж сэдэв нь чухаг, чухал байсан. Тавдугаар ноён
хутагтыг өнөөгийн монголчуудын дунд мэдэхгүй хүн байхгүй болсон. Бас мэддэг хүн
байхгүй болсон. Мэдэх мэдэхгүйн энэ орчил дунд Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн”
роман түүхэн баримт, уран сайхны сэтгэлгээний иж бүрдэл болсноороо жин дарж,
алдаг оног мэдлэг мэдээлэлтэй, “Үлэмжийн чанар” дууны хүрээнээс хэтийдээгүй зон
олонд танин мэдэхүй, сэтгэлгээ, ухан бодохуйн сайхан боломжийг олгож
байгаагаараа ач тустай, цаг үеэ мэдэрсэн, шинэлэг зүйл болсон байна.
“Гэгээнтэн” романы бичлэг, түүний хэв маяг нь сонгодог туурвилын шинжийг
агуулснаараа сүүлийн үеийн романуудаас онцлог болсныг хэлэх хэрэгтэй.
Г.Мэнд-Ооёо УБДС-ийг төгсөхдөө “Дашдоржийн Нацагдоржийн өгүүлсэн шүлэг” сэдвээр
дипломын ажил бичиж, хамгаалж байсныг би санаж байна. “Гэгээнтэн” романд
өгүүлсэн шүлэг гэмээр тансаг сайхан зураглал цөөнгүй байгаа нь үүнээс улбаатай
байж болох юм. Юутай ч Данзанравжаа хутагтыг тэр үеийн ахуй байдал дунд монгол
хэлний язгуур хэв маяг, шашны тухайлан оноосон үг хэллэг, энгийн ардын эгэлгүй
тансаг ярианы хэлний хоршил, холбоосын дэлгэц дээр тавьж донж маягыг тааруулан,
таацуулан дүрслэх, бичих нь гарцаагүй шаардлаг байсан байх. Зохиогч энэ
төвөгтэй, адармаатай нөхцлийг чадварлаг бүрдүүлж, даван туулж монгол ардын
сонгодог сайхан хэлээр “Гэгээнтэн” романаа бичсэн нь тэмдэглүүштэй ололт болсон
юм.
“Гэгээнтэн” романы бас
нэгэн сонирхолтой тал нь одоо бидний дунд ажиллаж амьдарч байгаа тахилч
Алтангэрэлээс урагшлуулан Түдэв хэмээх буянт өвгөн тахилчийг романы нэвтрэн
гарах нэгэн улаан шугам болгон шан татаж
дүр бүтээгээд Данзанравжаа хутагтын үе цаг руу алгуурхан дөтлүүлж ховсдон,
нэгэн цул үйл явдал болгож, ноён хутагтын нууц тарнийн шид бүтээлийн орчилд
хүргэн, түүний алдарт “Цагаан сүм” буюу Төгс буяныг машид дэлгэрүүлэгч хийд,
Өвөр Баясгалант Хамарын хийд орчимд үйл явдлыг цомнон багтааж, басхүү гэгээнтэн
хүний гэгээрэл, бясалгал эгэл боргил амьдрал дунд хэрхэн холилдон, сүлэлдэн
байсныг тод торуун гаргаснаараа гайхалтай бүтээл болсон юм.
Ер нь Г. Мэнд-Ооёогийн
“Гэгээнтэн” роман жинхэнэ сонгомол бүтээлийн хэв маягийг хадгалахыг
хичээснээрээ, хичээсэн энэхүү зүтгэлээ туурвил болгосноороо, тэрхүү бүтээл нь
он цагийг сөрөн туулах их хүч, ид шид, чадавхи чадварыг агуулснаараа анхаарал
татаж байна. Романы бичлэг энгийншиж, хэлбэр хэмжээ багасч, үйл явдал сарниж,
дүр дүрслэл бүдгэрэх болсон энэ цаг үед монголын сонгодог романы хэв маягыг
шинээр гаргаж ирснээрээ “Гэгээнтэн” роман энэ цаг үеийн содон бүтээл, дараа
дараагийн үе цагийнханд гар дамжин уншигдах туурвил боллоо гэж үнэлэх нь
эртэдсэн, хэтийдсэн зүйл болохгүй байхаа гэж бодож байна.
Г.
Мэнд-Ооёо“АлтанОвоо”
хөлгөн судартаа утга зохиолын уламжлалт болон орчин үеийн олон төрөл зүйлийн нийлэг шинжтэй, хүүрнэл, яруунайраг,
эссэ, домог,
зөн бэлгэдэл,
бясалгал зэрэг туурвил зүйн олон аргыг бүтээлчээр хэрэглэж байсан тэр уламжлалаа “Гэгээнтэн” романдаа улам
чамбайруулан гүнзгийрүүлсэн нь судлаачдын нэгэн сонирхолтой судлагдахуун болж
чадсан байна.
“Гэгээнтэн”-ий дүрийг гэгээнтэн хүн л бүтээдэг байх. Гэгээнтэн суудалтай
анд чамдаа яруу сайхны зохист аялгуу тань улам төгөлдөршихийг гэгээн ерөөлийг
өргөн дэвшүүлье.
2012.10.10.
Г. Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” романы нээлт.
Интер номын их дэлгүүр.
No comments:
Post a Comment