Thursday, January 17, 2013

“ГЭГЭЭНТЭН” ЯАЖ ТӨРСӨН БЭ?


/Хурмаст Тэнгэр сэтгүүлд нийтлэгдсэн/


Г.Мэнд-Ооёо

“Гэгээнтэн” роман хэвлэгдэн гарснаас хойш “Данзанравжаа хутагтын тухай яагаад бичих болов?” гэх асуулттай олонтаа тулгарах болов. Надад ч бас өөрөө энэ асуултад “Тэгээд” гэх бэлэн хариулт үгүйгээ мэдээд “ Би ер нь яагаад Данзанравжаа хутагтын тухай сэдвийг зориглон авсан юм бол?” хэмээн өөрөөс бас асууж үзэв. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа бол ер бусын гайхамшиг, чинадын нууцсаар дүүрэн агуу том ертөнц юм. Түүнийг ойлгох нь алс холын од гаригсыг нээхээс ч хэцүү. Тийм түвшинд хэдэн төрөлдөө ч хүрч очихгүй биз хэмээх бодлоор би өөрийгөө чөдөрлөсөөр олон жилийг үджээ. 



Дэлхийн яруу найрагчдын их хурлыг өөрийн улсдаа зохион байгуулах эрхийг олж авсан 2005 оны үеэс олон орны үгийн шид хүчийг олсон мэргэдийн өмнө Монголын яруу найргийн бэлгэдэл нь энэ гээд уншуулчих юу ч үгүй байгаагаа гэнэт анзааран цочиж билээ. Соёл, утга зохиолын GUNU  нэртэй сэтгүүл хэвлэж манлайд нь Данзанравжаа хутагтынхаа хоёр шүлгийг Н.Доржготов багшийн орчуулгаар англи хэлээр нийтлээд гадагш илгээж байх үе. Нэгэн өдөр GUNU   сэтгүүлийн цахим хаягаар захидал ирлээ. Лейфцэг хотоос Английн иргэн Саймон Вэккхам Смит хэмээх хүн Данзанравжаа хутагтын шүлгүүдийг орчуулж буйгаа бичээд зарим үгэнд тайлбар хийж өгөхийг хүссэн байв. Ийн тэр залуутай эчнээ танил болоод тэр орчуулгаа илгээж, бид үгийн тайлбарыг уйгагүй хийсээр нэг мэдсэн хутагтын “Үлэмжийн чанар” хэмээх яруу найргийн эмхэтгэлийг бүрэн орчуулж дууссан байв. Ингээд бид Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Дэлхийн яруу найрагчдын их хурлыг 2006 онд Монголдоо зохион байгуулж, Данзанравжаа хутагтынхаа яруу найргийн номыг англи хэлнээ орчуулан хэвлээд дэлхийн 50 гаруй орны 300 гаруй яруу найрагчдад бэлэглэсэн юм. Мэдээж орчуулагч Саймон Вэккхам Смитийг хүндэт зочноор урьсан байлаа. Саймон, орчуулагч Ш.Цог, бид гурав Сайн-Шандын галт тэргэнд сууж Хамарын хийдийг зорихын урьд шөнө миний зүүдэнд нэгэн хүний царай тодоос тод үзэгдэв. « Бид Хамарын хийд рүү зорьж явах юм. Удалгүй алаг эрээн толгод тааралдаж, өмнө этгээдэд өндөр хадан цохионууд үзэгдэхүйд яг үүний өвөрт л Хамарын хийд байгаа байх хэмээн таамаглаж байтал нэгэн араг үүрсэн эмгэн тийш алхаж явна. Хөвөнтэй дээлтэй алчуур зангидсан тэр хүнээс “Хамарын хийд энүүхэн өмнө этгээдэд байна уу?” гэвэл толгой сэгсрэн “Энд байхгүй” гэж байна. Тэгвэл хаа байгааг зааж өгнө үү? гэхүйд Мэдэхгүй гээд халгаасангүй. Хачин юм даа яагаад мэдсээр байж хэлж өгөхгүй байгаа юм бол доо гэх шүү юм бодоод мөнөөх хүний говийн толгод шиг үрчгэр хөх нүүр, гайхширан сонжих харц тодрон үзэгдсээр би сэрчихэв». Маргааш нь Сайн-Шандад очиж тахилч З.Алтангэрэлтэй уулзаад хутагтын музейг тайлбарлуулан үзэж байхдаа нэгэн хөрөг зургийн өмнө миний хоёр хөл тушчихсан мэт хөшиж орхих нь тэр. Санавал түрүү шөнө зүүдэнд үзэгдсэн гандсан бор дээлтэй алчуур зангидсан араг үүрсэн тэр бол эмгэн хүн биш, өмнөх үеийн тахилч О.Түдэв гуай юмсанжээ. Хачин юм. Би түүнтэй урьд нь хэзээ ч уулзаж байгаагүй. Гэтэл зүүдэнд үзэгдсэн тэр хүн яг дүрээрээ байх гэж. Ингэж би Хамарын хийд, Хүслийн уул, хутагтын дурсгалт газруудаар анх удаа аялсан хүн. Хожим нь Өмнөговийн Ханбогд дахь Дэмчигийн хийдэд очихдоо тэртээх цагийн зүүдэнд үзэгдсэн газар орон нь Хамарын хийд биш, Дэмчигийн хийд нутаг болохыг зүүдний тольноос эргэн дурсаад тэрхүү зөн совин миний үйлстэй яах аргагүй учир утгын далдын холбоостой байжээ хэмээн бодогдсон юм.
Данзанравжаа хутагтын тухай романаа бичих үү байх уу гэх эргэлзээгээ тайлахаар дөчин хэмийн галзуурмаар гантай тэр зун Хамарын хийдэд очиж хэд хоносон юм. Тахилч З.Алтангэрэлд айлтгаж аль нэг агуйд хэд хоног бясалгал хийх зөвшөөрөл өгөөч хэмээн хүссэний дагуу буйдхан нэгэн агуй зааж өгөөд “энэ бол хутагтын түмэн мэсний Ловончимбо бурханаа дүвлэсэн агуй” гэж хэлсэн юм. Тэрхүү аглагийн оронд өнгөрүүлсэн хэдхэн хоног миний эргэлзээ тээнэгэлзээг бүрэн тайлж, айдас хүйдэсийг үргээсэн бөгөөд хавтгай чулуугаар ширээ хийгээд романаа шууд л бичиж эхлэх нь тэр. Бясалгал хийж байхдаа Данзанравжаагийн дээд оюунд аглагт ургасан шүлгүүдийг илүү сайн мэдэрсэн гэж боддог. Түүний яруу найргийн ертөнцийн гүн рүү хутагтын нууцын эрдмийг нь ойлгохгүйгээр орох боломжгүй байснаа тэгэхэд л би баттай ойлгож авлаа. Ингээд би багахан завсарлаж түүнд дамжиж ирсэн хутагтаас өмнөх авшиг, нууц увдисуудын эрдэмийн уламжлалыг урагш хөөж үзэх цагт түүний ертөнц сэтгэлд дотносон ойртож эхлэх шиг болсон.
Би 1990-1996 онд Мигжид Жанрайсиг шүтээнийг бүтээн залах ажилд оройлон оролцох үедээ бурхан шүтээн гэж юм болох , адис авшиг шингээх, тэр нь шүтээнд хэрхэн оршиж хадгалагддаг, хүний оюун санаатай яаж шүтэн барилддагийг гадарлах болсноос хойш бас миний номын багш Л.Хүрэлбаатар докторын урам өгснөөс хойш шашны соёлын тухай нэг зохиол бичих юмсан гэсэн бодлыг олон жил тээж явсан юм. Мөн Монголын Соёлын санг удирдаж байх үедээ 1930-аад онд хэлмэгдсэн өв соёлыг сэргээхийн учир утга, яагаад шинэ юмнаас хуучин нь үнэ цэнэтэй байдгийн  цаад мөн чанарыг гүн ухаараад ер нь монголын нүүдэлчид өөрийн соёлын үнэт зүйлсээ хамгаалан хадгалж дараа үедээ өвлүүлэх чинадын мэдлэг, өвөрмөц арга ухаан байсныг олж харсан минь Данзанравжаа хутагтын өвийг авч үлдсэн О.Түдэв гуайн намтрыг дуулснаас хойш бүр сэдэрсэн хэрэг. Ингээд Монгол хүний суу билиг, ялангуяа яруу найргийн бэлгэдэл болох хүнээ хүн төрөлхтөний соёлт ертөнцөд гаргаж тавья гэсэн миний яруу найрагчийн романтик хүсэл маань дээрх хоёр зүйлтэй нэгдэж тэр нь “Гэгээнтэн” роман болон цогцолжээ гэж л одоо би бодож байна.
Тахилч З.Алтангэрэлээсээ эрх авшигийг нь авч Данзанравжаа хутагтын өөрөө боловсруулсан горимоор цагаан сарын шинэдэд нутагт нь ирж бясалгалын тигд суух үедээ романыхаа зарим хэцүү хэсгийг бичиж дуусгасан. Бэсрэгхэн шүлэг голдуу бичдэг би бээр томоохон гэж хэлж болох гэгээнтэний тухай романаа бичиж байх үед цаг хугацаа хэрхэн өнгөснийг, яаж бичигдсэнийг бол санахгүй байна. Одоо бодоход зүүдлээд л сэрсэн юм шиг санагдана.

2012.09.01
Намрын тэргүүн сарын 16.
Улаан тэргэл өдөр

"Хурмаст Тэнгэр" сэтгүүлд нийтлэгдсэн

No comments:

Post a Comment