Г.Мэнд-Ооёо ахын туурвисан “Гэгээнтэн” романыг бараг гурван жилийн өмнө
алга тосон авсан боловч "цагийн тохироог харан байж шимтэн уншина"
хэмээн хойшлуулсаар өдий хүрлээ. Сүүлийн гурван өдөр ажлын дараа шөнө
хугаслан байж уншиж дуусгав.
Энэ түүхэн роман эгэлгүй нэгэн бүтээл
болжээ. Арга ч үгүй дээ "хэдхэн жилийн өмнө Новелийн уран зохиолын
шагналд нэр нь дэвшихээр яригдаж байсан" авъяас билэгт зохиолчийн бүтээл
болсон хойно ийм чансаатай ном болохоос өөр яахав ээ. Ухаант ардынхаа
аман зохиолын балын амтыг нэгэн жарны турш шимсэн эрхэм ах номын сандан
маань оюуныхаа охийг нэрж гаргасан арз нь энэ мөн болой. Сэтгэлийн
таашаал эдэлж, төрөлх хэлнийхээ яруу сайхныг биширч, оюун ухааныхаа
царыг тэлж чадахуйц, Монголын бурханы шашины нэвтэрхий толь мэт гүн
мэдлэгийг өгөх даацтай сайн ном болсон байна. Их Говийн догшин Ноён
хутагт Данзанравжаагийн ахуй амьдрал, зан үйл, эрдэм мэдлэгийг хажуунаас
нь харсан мэт тов тодорхой илэрхийлэх ялдамд тухай цагийн монгол хэлний
гайхамшгийг мэдрүүлсэн бүтээл болсон гэж би бодож байна. Үг хэллэг
уран, үйл явдлын хэлхээс адармаатай нарийн байхаас гадна Очирт хөлгөний
зан үйл, ёс жаяг, рид хувилгаан, хүний сэтгэлийн хар цагааныг үгээр
сийлсэн ажээ. Улааны шажны уламжлалыг хэрхэн хахин хавчиж байсан,
Манжийн хааны удаа дараагийн хорлолыг хэрхэн даван туулсныг айхтар
нарийн гаргаж өгүүлсэн байна. Аврага могойн зулайн чадманийг хэрхэн авах
талаар бичсэн хэсэгт билгүүн номч эрдэмтэн Л.Хүрэлбаатар агсны дүр
шууд сэтгэлд тодорч байна. Алша лхаарамба Агваандандар, Их хүрээний
хамба Агваанхайдав нарын харилцааг уран нарийн илэрхийлжээ.
Агваанхайдав хамбын “Хажууд нь суухад хайр хүрмээр, хамаг олон шавь
нарыг улаан тийш урвуулаад байгааг нь харахаар уур хүрмээр Хутагт шүү.
Говьдоо л байхад таарсан дигваранз” гэсэн бодол, Ноён хутагтын “Тэнгэрт
шувууны мөр үгүй гэх нь юутай үнэн билээ.” гэсэн бодол гээд үй олон уран
сайхан хэллэг байна. Түүх соёлоо хайрладаг, бурханы шашины мөн чанарыг
ойлгохыг хүсдэг номын мэргэн дүү нар маань энэхүү номыг заавал залж
уншаарай. Нэг уншаад ойлгохгүй аваас дахин уншаарай. Түүхийн олон үнэн
үйл явдлыг урнаар холбон бичсэн бүтээл тул энэ номноос сурах юм их
байна. Эрхэм ах номын садан Г. Мэнд- Ооёо таны сод билгийг гүнээ биширч
түүн дор даган баясму. Молхү дүү Баатар бээр үүний тул хичээвэй
Shirchin Baatar
No comments:
Post a Comment