Wednesday, August 28, 2013

Эрээнцаваас ирсэн уншигчийн захиа

Г.Мэнд-Ооёогийн бүтээл “Гэгээтэн” баримтат романы тухай

Яруу найргийн  дагшин орноос уншигчийн захиа
          

 Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн” романаа олны хүртээл болгоод даруй нэг жил болжээ. Энэ зохиол олон жил бодож төлөвлөж байж бичигдсэн зохиол ажгуу. Би тэр жил төрийн шагналт зохиолч Л.Түдэвийн “Оройгүй сүм”, С.Эрдэнийн “Занабазар” романыг уншиж сэтгэлийн цэнгэл эдэлж байснаа санаж байна. Монгол улсын утга соёлын их мастеруудын нэгэн болсон Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” романы зохиомж өөрөө нийгмийн захиалгатай, жамаараа цаг нь ирж төрсөн түүхэн баримтат бүтээл гэж ойлгож байна. Түүний энэ бүтээл ийнхүү хүний сэтгэл татагдтал бичигдэнд гайхах юм алга.  Би амьдралынхаа  турш бас ч үгүй  нилээд олон сонгодог ном уншсан. Гэвч энэ мэт цагаа олсон шинэ бүтээлийг уншиж танилцах үед өнө эртний сайн нөхөртэй уулзсан мэт амьдрал дунд  байдаг олон асуултын хариуг нэгэн зэрэг авах мэт болж байв.
         Миний хувьд хүүхэд ахуй цагаасаа  эхлэн Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүдийг амтархан уншиж ирсэн. 

         Говийн догшин хутагт Данзанравжаагийн тухай энэ гайхамшигт роман  хүмүүсийн оюуны эрэлт хэрэгцээг хангасан дорвтиой бүтээл болжээ.  Буддизм, соёл шинжлэх ухааны хувьд ихээхэн дэвшлийг харуулсан зохиол аж. Хутагт хүний амьдралыг баримт түшиж ийнхүү чадварлаг туурвисан зохиол тийм ч олон биш байхаа. Энэ хүний зохиол бүтээл туурвидаг тэр аугаа их номын өргөөнд олон жил орж гарч явсан. Тэр увдист номын агаарт ариусаж явснаа их хувь завшаан хэмээн ойлгодог.  Өмнө нь “Алтан овоо” хэмээх нутаг усны магтуу болсон алдартай зохиолыг нь олон удаа уншсан.
         Гэгээнтэн  зохиолыг дахин дахин уншаад баймаар санагдах аж. Равжаа хутагтын тэр их олон шад мөр шүлгийг нэгэн номноос энгийн аргаар утга төгс мэдэрч  авах боломжийг олгосонд  уншигч би бээр ихэд таатай хүлээн авсан. Энэ сайхан номын авшига болсон  “соронзон  орон”-ы таталцлаас гармааргүй санагдаж, ахин дахин уншмаар байлаа.  Намайг хүүхэд ахуй үеэс  номын амтанд хөтөлсөн энэ эрхэм хүний дэргэд байхад ярих үгээ товчлох, бага ярьж ихийг сонсож мэдэх, аливаад биеэ сэтгэлээ бэлэн байлгах ийм л хүмүүжлийг олж авч билээ. 

         Ийнхүү  аугаа хутагтын нэгэн насны амьдралыг нүдэнд харагдаж, тухайн үед амьдарч байсан үеийг уран сайхан, баримтад түшиж гаргасан хийгээд тэр үед амьдарч яваа мэт номын ариун агаарт хөвөж байв. Ийнхүү эгэл бус хутагт хүний амьдралыг ингэж харуулах тийм амар гэж үү? 

        Энэхүү  роман олон хүний ширээний ном болсон нь дамжиггүй. Хэдэн ч удаа уншсан уйдахааргүй, аливаа эрэл хайгуулч хүн өөрөө өөртөө нээлт хийхэд зүг чиг болмоор уран сайхны баримтат зохиол болжээ. Энэ бүтээлд олон эрдэмтэн, зохиолч, уншигчид   өөрийн санал, дүгнэлтийг өгөх нь дамжиггүй. Эхнээсээ түүний цахим хуудасанд санал сэтгэгдэл, номын тухай бичээд эхэлчихжээ. Баярлалаа танд,  уран бүтээлийн  эрэлч хайгуулч мэдрэмж тань улам төгс гэгээрлийг олох болтугай.


Б.ЭРДЭНЭБАЯР
Эрээнцав дахь гаалийн салбарын эрхлэгч

2013.08.07

No comments:

Post a Comment