Thursday, January 17, 2013

“ГЭГЭЭНТЭН” ЯАЖ ТӨРСӨН БЭ?


/Хурмаст Тэнгэр сэтгүүлд нийтлэгдсэн/


Г.Мэнд-Ооёо

“Гэгээнтэн” роман хэвлэгдэн гарснаас хойш “Данзанравжаа хутагтын тухай яагаад бичих болов?” гэх асуулттай олонтаа тулгарах болов. Надад ч бас өөрөө энэ асуултад “Тэгээд” гэх бэлэн хариулт үгүйгээ мэдээд “ Би ер нь яагаад Данзанравжаа хутагтын тухай сэдвийг зориглон авсан юм бол?” хэмээн өөрөөс бас асууж үзэв. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа бол ер бусын гайхамшиг, чинадын нууцсаар дүүрэн агуу том ертөнц юм. Түүнийг ойлгох нь алс холын од гаригсыг нээхээс ч хэцүү. Тийм түвшинд хэдэн төрөлдөө ч хүрч очихгүй биз хэмээх бодлоор би өөрийгөө чөдөрлөсөөр олон жилийг үджээ. 



Wednesday, January 16, 2013

ТҮМЭН МЭСИЙН ГЭГЭЭНТНИЙ ДЭЭД ТААЛАЛ ОРШЖИХУЙ



  Б.ХИШИГСҮХ  (дэд профессор
  Д.ГАЛБААТАР (профессор)


Өөрсдийн өчүүхэн чадлыг умартан анхаарал сонирхлыг минь татсан нэгэн шинэ романы тухай хошуу дүрж олонтой бодол санаагаа хуваалцахгүй бол сэтгэл санаа амирлахгүй болтой. Энэ нь яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн  “Гэгээнтэн” хэмээх түүхэн баримтат роман юм.
Говь мэргэн вангийн хошуунаа тодорсон тавдугаар дүрийн Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа гэгээнтний арга, билиг хосолсон далд чинадын их хүчин, гайхалтай рид хувилгаан чанарын тухай өгүүлэх нь молхи бидний хувьд оюуны тамир тэнхээг шавхаж, оюуныг цуцаасан хүнд ажил гэдэг нь ойлгомжтой. Чухам ийн үг хэлэхийг зориг гаргасан нь уг бүтээл уран сайхны роман байсантай л холбоотой юм. Хориодхон жилийн өмнө Ноён хутагтын зэрэг зиндааны онцгой дээд язгуурт хүмүүсийн тухай зохиол бичих бүү хэл Их, дээд сургуулийн уран зохиолын мэргэжлийн хичээлийн хөтөлбөр зэрэгт ч яриатай хөөрөөтэй, хагас хугасхан тусч асныг л мэдэх юм. 



ҮНЭНИЙ ТӨГӨЛДӨР ДУУЛАЛ – “ГЭГЭЭНТЭН”


ҮНЭНИЙ ТӨГӨЛДӨР ДУУЛАЛ – “ГЭГЭЭНТЭН”
(Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” романы тухай)



Ч.БИЛИГСАЙХАН
Профессор, доктор

Гомбожавын Мэнд-Ооёо Говийн тавдугаар ноён хутагт Монголын их соён гэгээрүүлэгч, суут билэгт яруу найрагч, ижилгүй хурц авьяас билэгтэн, эгэл бусын их увдис эрдэмтэн Данзанравжаагийн тухай “Гэгээнтэн” (2012 Улаанбаатар хот) романаа бичиж хэвлүүлжээ. 
Баруун ертөнцийн ихэнх орон Христ болон Библийн домог сургаалийг өөрсдийн үзэл онолын эхийг гээд амь тавьцгаадаг нь өнөөдөрийг хүртэл огтхон ч хувирсангүй. Лалынхан Ислам ёс заншил, домог бүхнээ доромжлох илрэл бүрийд яаж хилэгнэн зэвүүцсээр өнөөг хүрэв?! Буддын шашин өнөөг хүртэл Энэтхэг, Япон, Балба зэрэг дорнын олон орон, бүр Америк хүртэл ямар өндөр зэрэгт хүрч, хөгжил дэвшлийн баталгаа нотолгоо болж буйг бид харж байна. Хүннү нар алтан бурхан шүтэж ирсэн эрт үеэс аваад, монголчууд Буддизмыг шүтэж, ахуй амьдралдаа хатуу мөрдөж ирсэнийг манай түүх гэрчилнэ. Харин XVII зууны үеэс Буддын шашныг Түвдүүд ёс заншилдаа ойртуулах зэрэг шалтгаанаар Зонхова Богд нэлээд шинэчлэл хийж шарын урсгалыг түлхүү хөгжүүлснээр Ламайзм хүчээ авсан юм. Энэ үе Манж нар Азид ноёрхож эхэлсэн цаг үетэй тохиосон нь Шарын урсгал Ар Өвөр Монгол, Буриад Халимагт ноёлох шүтлэг болон Манж нарын улс төрийн бодлогыг нэвтрүүлэх таатай нөхцөл болон хувирчээ. Энд Түвдүүд, тэдний өөрсдийн шашинд хийсэн шинэчлэл ч буруугүй, өөр хүчтэй улс төр колончлох шинэ давалгаа буруутай. Чухам энэ үеэс Буддизмын улааны болон шарын урсгалын зөрчил тэмцэл хүчээ авчээ. Энэ түүхэн шинэ үе Монголд шашин шүтлэгийн хувьд яахын аргагүй сорилт болов. Ихэнх шашин соёл судлаачид, улааны урсгалыг язгуурын Буддизмд илүү ойр дөт, хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөнд ч таатай нөлөөлж, хүний нууцлаг, бурханлаг чанаруудыг гойд хөгжүүлэн нээдэг гэдэг. Яг энэ тухай хэрэг явдалыг тогтож судалгаатай, соёл түүхийн сүүлийн 100 шахуу жилийн үнэнд ойр, үзэл сурталын элдэв явцуу хэмжээст баригдалгүй бичигдсэн нэгэн чамбай, сонгомол “элит” хэв төлөвийн эссэ роман “Гэгээнтэн” юм. Энэ туурвил 19-р зууны Монгол үндэстэний дотроос тодрон гарч ирсэн, говийн тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаа (1803-1856) хэмээх Буддын нууц тарнийн увдисыг гаргуун эзэмшсэн, их зохист аялгууч-яруу найрагч, ер бишийн их хүмүүний үнэн түүх, амьдрал хувь заяаных нь нууцлагдмал талуудыг тод харуулжээ. Равжаа хутагтын багын ядуу тарчиг амьдрал, тэр дотроос эгэл бус хувь заяаны төөрөгөөр нэвт гэрэлтсэн их авьяас билиг, гоц мэдрэмж, юм үзэгдлийн далд байх нууц шинж төлөвийг харах билгүүн мэлмийтэй, сод билгүүн оюунтай эрхэм хүмүүн болон шалгаран гарсан ховор хувь тавиланг баримт хууч, домог, нүдээр үзэж биеэр туулсан шавь нарын гэрч баримттай яриа дурсамж зэрэгт тулгуурлан Мэнд-Ооёо элит зохиолчийн эрдэм оюун, баримтыг боловсруулах дүгнэх, утгыг нээн гаргах, холбогдох үүх түүхийг задлан үйл явдлын шугамдаа холбон оюун дүгнэлт хийх гэх мэт өнөөгийн 21-р зууны дэлхийн эссэ зохиол бичдэг чадвартануудын чөлөөтэй атлаа сонгомол гэхээр аргуудыг зохистой сайхан хэрэглэсэн зэрэг нь эл туурвил содон, өнөөгийн дэлхийн ийм төрлүүдийн зиндаанд хүрсэн бүтээл болсоны учир шалтгаан бололтой. Жишээлхэд, Манжийн хааны талынхан Ноён хутагтуудад хэрхэн хандаж ирсэн байдал, улс төрийн учир шалтгаан болон  Хааны ордон, шашны их бага гурван дүрийн Монгол Жанжаа хутагтуудын Монголын соёл Буддын шашны зохистой дэлгэрэлтэд хэрхэн нөлөөлсөн зэрэг түүхэн хэрэг явдлуудыг баримт товчоон, цадиг намтарт нь уйгагүй шүүн хандаж, Ноён хутагтын дүрийг гаргажээ. Ноён хутагтын ер бусын хурц шинж багаас нь тодорч ирснээр, түүний монгол багш нар энэ явдлыг Манж Хятадуудаас нууж, эрдэмтэй багш нар тусгайлан томилж эрдэм авьяасыг нь нээгдлүүлэн, нууц тарнийн ухаанд гүнзгийрүүлж, төрж өссөн нутаг болох Монголын их говьд – Өвөр Хамарын бяцхан хийдэд нь аваачиж, их эрдэм нь цогшин дүрэлзэх нөхцөл бололцоог нь хангажээ. Гэвч хурц авьяас нэг дүрэлзэхээрээ юунд ч хаагдалгүй, Халхын их хүрээ, Хөх нуур, Дээд Монгол, Алшаа, Тангад бүр Манжийн хааны ордон, Долнуурын газарт суу дуулиан нь түгжээ. Энэ бүх нууцалсан үнэн түүхийн улбааг Мэнд-Ооёо нямбай нэгжин судалж, 200 шахуу жилийн дараа зохих байранд нь гаргаж тавьж байгаа нь Монголын соёл Буддизмын түүхэнд том дэвшилт үйл болж байна.



Tuesday, January 15, 2013

Г. МЭНД-ООЁОГИЙН “ГЭГЭЭНТЭН” РОМАНЫ ТУХАЙД


Утга зохиолын шүүмжлэгч Ү. Хүрэлбаатар


Гомбожавын Мэнд-Ооёо “Бодлын шувуу”нэртэй анхны шүлгийн түүврээ 1980 онд 28 насандаа хэвлүүлснээс хойш 13 жилийн дараа анхны туульсийн том бүтээл зохист аялгуу болох “АлтанОвоо” туурвилаа 1993 онд хэвлүүлж байсан саяхан юм шиг санагдаж байна. “Алтан Овоо”-ноос 19 жилийн дараа буюу 2012 онд “Гэгээнтэн” романаа уншигч түмний хүртээл болгож байна.

Он цагийн энэ алслал, уран бүтээлийн чанар чансаа талаас нь харвал Г.Мэнд-Ооёо томоохон уран бүтээлдээ цаг хугацааны шүүлтүүр тавьж, жинхэнэ уран бүтээлчийн ёсоор уран бүтээлдээ үнэнч нягт нямбай хандаж, хам хум салан палан байдлаас ямагт ангид байж, өөрийнхөө оюун сэтгэхгүйг шавхан, машид бясалган, сэтгэлгээний даяанчлалд автаж байж тэмтэрч, имэрч, амталж байж бүтээн туурвидаг уран бүтээлч болох нь тодорхой байна. 

Thursday, January 10, 2013

Данзанравжаа шиг хүнийг бодлогоор л төрүүлнэ


Г.Оюунгэрэл (Өнөөдөр сонин): Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо өнөө жил уран бүтээлийн арвин олзтой яваа. Говийн догшин хутагт Дулдуйтын Данзанравжаагийн ертөнцийг нээн харуулсан “Гэгээнтэн” хэмээх романаа олны хүртээл болгосон нь утга зохиол шимтэн сонирхогчид, судлаач, шүүмжлэгчдийн дунд багагүй шуугиан тариад байна. Орон орны шилдэг найрагчдын бүтээлийг сорчлон авч олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр тэнгэрээс хур болон буулгахад түүний шүлэг багтсан билээ. Япон улсад калиграфын үзэсгэлэнгээ гаргаж, шүлэг зохиолоо толилуулаад саяхан ирсэн тэрбээр Монголынхоо говиор бас аялаад амжжээ. Монголын зохиолч, яруу найрагчдын бүтээлийг дэлхийд сурталчлахад ихээхэн үүрэг гүйцэтгэж яваа яруу найрагч Г.Мэнд-Ооёог “Бямбын ярилцлага”-ынхаа зочноор урилаа. 
-Таныг саяхан Хамарын хийд, Хүслийн уул руу яваад ирсэн гэж дууллаа. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн тухай бичсэн “Гэгээнтэн” романы үйл явдал яг энэ нутаг усны дүрслэлээр эхэлдэг байх аа?
-Миний роман Хүслийн уулан дээрээс эхэлж байгаа л даа. Роман эхэлсэн тэр цэгт өглөө наран мандах үед очиж жаахан юм бодож суулаа.
-Шашин, түүхийн роман би чихэд мэдээж тодорхой турш лага, мэдлэг хэрэгтэй. Та Мэг жид Жанрайсиг их шүтээнийг бүтээн залах их үйлсэд орол цож байсан хүн. Туршлага тань “Гэгээнтэн” романаа бичи хэд суурь дэвсгэр болж өгсөн байх?