Энд надтай учирсан амьтан бүгд Янагуухь үзэгдлийн дороос тонилмаань
Утгыг онох болтугай...
Данзанравжаа
"Нийслэл таймс" 2013.3.12 |
"Зууны мэдээ" 2013.3.13 №59 /4374/ |
“Гэгээнтэн”
романы өгүүлэмж цэгцтэй, ойлгомжтой төдийгүй уншигчдад хүртээмжтэй, сонирхолтой
болж чаджээ. Романы өгүүлэмж үндсэн хоёр чиг шугамаар өрнөх бөгөөд нэгдүгээр
шугам нь ноён хутагт Равжаагийн үе үеийн тахилчдын өнгөн дээр сүүлчийн тахилч
Түдэв өвгөний сэтгэлийн өчгөөр дамжуулан XX зуунд болж өнгөрсөн үйл явдлуудыг уншигчдад хүргэж байна. Энэ бол 1937 оны
их хэлмэгдүүлэлт хийгээд түүний үр уршиг хамгийн хүндээр туссан Монголын шашны
ертөнц, тухайлан монголчуудын оюуны ертөнц болсон бурхан шүтээнийг хэрхэн
устгаж үгүй хийсэн тухай, сүм хийд, лам нарыг хэрхэн хэлмэгдүүлсэн тухай
хүүрнэл юм.
Ингэхдээ 1937 оны их хэлмэгдүүлэлт
болоход түүний шавилан сууж асан Хамрын хийд хэрхэн өртөж, ямар аюумшигт хэрэг
явдал тэнд болсон тухай, тэр их аймшиг аюулыг сөрөн амь насаа үл хайрлан
хутагтын асар их өв сангаас ганц хүний хүч чадлаас хэтийдсэн ихийг уутлан
авдарлан авч гарч сайн цаг иртэл нуун хадгалж байгаа тухай, 1960–аад онд удам
залгасан тахилчийн эш тэмдэг үзүүлж зээ хүү нь мэндэлж магнай тэнийн баярласан
тухай, шашин сурталд халгаатай хүйтэн цэвдэг 1970-аад оныг хэрхэн туулсан тухай
хийгээд улмаар зовсны эцэст жаргахын үлгэрээр өнгөрсөн зууны ерээд онд сайн цаг
ирж, бурхан шашин сэргэн дэвжихэд өвгөн тахилч сэтгэлдээ нар мандаасаар насны
нараа жаргааж буй тухай сэтгэлийн өчиг, гүн бодрол бясалгал, өөрөө өөртэйгөө
хийсэн хүүрнэл ярианы хэлбэрээр өгүүлсэн нь зөв шийдэл болж, уншигчдад романы
гол утга агуулга, хэлэх гэсэн санааг тод томруунаар хүргэж байна.
Товчхон хэлэхэд энэ чиг шугамаар
Түдэв өвгөний нэгэн насны намтар үйлийг өгүүлсэн мэт боловч цаана нь бурхан
шашны маш нарийн утга учир, гүн утга агуулга, гүнзгий зан үйл, сүнс хувилан
шилжих, хойд нас байдаг тухай урьд өмнө ямагт хутагт, хувилгаадтай холбоотой
ойлголт ухагдахуун байдаг байсан бол энэ удаад Г.Мэнд-Ооёо эгэл жирийн хүмүн ч
хувилан төрдөгийг энгүүн агаад бодит жишээгээр илтгэн өгүүлжээ. Энэ тухай
номын хавтсан дээрх тайлбарт: “...Шамбалын
нууцад нэвтэрч, ертөнцийн хоосон чанарыг оносон Гэгээн хутагтын оюун санааны
нууц эрдэм оршсон өв соёлыг хамгаалж, 1937 оны цуст хэлмэгдүүлэлтийн гал усны
гамшиг дундуур амь дүйн авч үлдэж 1990 оны ардчилсан хувьсгалтай золгуулж буй
тахилч О.Түдэвийн зориг тэвчээр, эрдэм ухааны бишрэм түүхийг уг романд
Данзанравжаагийн цадигтай сүлэлдүүлэн өгүүлнэ” хэмээсэн бий.
Романы нөгөө нэг чиг шугам нь Говийн
Догшин ноён хутагт хэмээн алдаршсан Монголын их соён гэгээрүүлэгч, яруу найрагч,
XIX зууны Монголын төр, шашны том зүтгэлтэн Данзанравжаагийн
намтар цадигийг түүний нэгэн насны үйл
хэрэгт тулгуурлан мөн л дээрх мэт, гэхдээ тод томруун үйл явдалтай, бясалгал
бодролтой, өргөн дэлгэр байдлаар зураглан өгүүлжээ. Номын хавтсан дээрх мөнөөх
тайлбарт: “Данзанравжаа төрөлх говь дахь чинадын эрчим оршсон хий бод ертөнцөд
хувилгаан эрдмээрээ нэвтэрч, уул ус ургамал чулуу хийгээд амьтны аймаг, эрдэнэт
хүмүүний оюун санаа нэгэн бүхэл цогц ертөнц болохыг танин барьжээ. Улмаар
Манжийн эрхшээл дэх хүнд бэрх цаг үед атаа хорлол дундуур түмэн үеийн оюун
санааны чинадын эрдмийг өвлөж Шамбал хэмээх нууц орныг төрөлх говь нутагтаа
нээн оньсолж буй суу гайхамшгийг уг роман шастирлажээ” гэсэн байна.
Роман бүхэлдээ чамбай болж, хэл
найруулга жигд сайхан, монгол хэлний үгийн сангийн баялгаас сайтар уудлан
ашигласан, илүү сул үг хэллэггүй, хэг ёг гэсэн болхи толхи найруулгагүй, хуучны
үгээр бол хэлний гэмийг арилгаж, үгийн усыг шахсан, үг яруу, найруулга төгс
болсон нь аргагүй л оюуны бяр тэгширсэн,
урьдын ёсоор бол бичгийн их утгач, их
бичээч, өнөөгийн үг хэлээр бол их зохиолч, уран бүтээлч хүний часхийсэн чамбай
бүтээл болсон нь харагдаж байна. Энэ ч тухай др.Ч.Билигсайхан дээрх өгүүлэлдээ:
“...Энэ бүх нууцалсан үнэн түүхийн улбааг Мэнд-Ооёо нямбай нэгжин судалж, 200
шахуу жилийн дараа зохих байранд нь гарган тавьж байгаа нь Монголын соёл,
буддизмын түүхэнд том дэвшилт үйл болж байна “ хэмээн үнэлжээ.
Үүний жишээ болгож зарим хэсгээс энд
иш татсу. Тахилч өвгөн Түдэв тэртээх 37 оны цөвүүн цаг эхэлж, сүм хийдийг
нураахаар ирсэн орос цэргүүдийн сиймхийгээр үдэш шөнийн цагаар гэгээнтний
нандины сүмд сэмхэн орж буй хэсэг дүрслэл бий: “...Дугануудын араар халхалж
явсаар Гэгээнийхээ нандины сүм рүү гэтээд орчихлоо. Нандины үзмэрийн гонхон
дахь цөгцнүүдийнхээ зулыг сүүлчийн удаа барьчихлаа. Хана чимэглэсэн говийн
үзмэн чулууны болор талстууд зулын гэрэлд од түгсэн юм шиг анивалзана. Олон
өнгөөр цацраад мөн ч сүртэй сайхан сан. Зул барингуут нөөлгөнд нь адраас
дүүжилсэн дагинасын дүрсүүд эргэлдэн бүжиглэх байдалтай нүд илбэнэ. Үржинхандын
оронд орж ирж буйгаар сэтгэж хийсэн нь энэ. Гөлтгөнө чулуугаар сийлж хийсэн
бурхдын орны дүрсэлгээ ханаар дүүрэн. Ер нь орсон хүн амьдарч буй ертөнцөөсөө
тасраад бурхад тэнгэрсийн оронд ороод иржээ л гэж сэтгэлдээ бодохоор.“ Энэ
хэсгийг уншихад эгээ л Парисын Эх дагинын сүм рүү явж орох мэт тийм тэнгэрлэг
ариун, агуу сүрлэг, ер бишийн гайхамшигт сэтгэгдэл төрж байна. Манайхан Парисын
Дарь эхийн сүм гэж эндүү нэрлэдэг алдарт Эх дагинын сүмийг үзсэн хүмүүс түүнийг
ямар гайхамшигтай ариун дагшин шүтээний газар болохыг нь мэдэх биз ээ. Газрын
дайд, цагийн ялгал, соёл иргэншлийн ялгаа зэргээс үүдэн уг нь энэ хоёр сүмийг
хооронд нь адилтгахын аргагүй ч, хүмүн төрөлхтний оюуны охь шим, гүн ухааны
туйл, сайн үйлийн дээд болсон ариун шүтээний газар орон хаа ч ийм л агаар нэгэн
байдаг ажээ.
Социализмын үеэс дунд сургуулийн хэл
бичиг, уран зохиолын сурах бичигт түүний амьдрал намтар, уран бүтээлийг
аргагүйн эрхэнд оруулахдаа шашин, нийгмийн томоохон зүтгэлтэн, их соён
гэгээрүүлэгч байсан тухай нь дурдалгүй орхиж, зөвхөн уран бүтээлч, яруу найрагч
байсан тухай нь л заадаг байлаа. Тэгэхдээ “галзуу”, “солиот”, “өвчит” зэрэг хоч
нэрийг нь дөвийлгөн дурддаг байсан нь хүмүүст Данзанравжааг үнэхээр тийм гаж
этгээд хүн байсан мэт ойлголт гүн бат шингэхэд хүргэжээ. Хэрэг дээрээ тэрбээр
тийм этгээд хачин хүн байсан ч юм уу даа. Хүн болгон нэг нэг бие даасан,
давтагдашгүй хувь бодгаль байж, хүн болгон өөрийн гэсэн дүр төрхтэй нэг нэг
бүхэл бүтэн ертөнцийг бүтээж үлдээдэг. Түүхэнд өөрийнхөөрөө мөнхөрсөн онцгой
хүмүүс цөөнгүй. “Гэгээнтэн” романыг уншаад ноён хутагтыг хэнтэй адил байсан юм
бэ дээ? хэмээн эргэцүүлэн бодоход хүрэв.
Сэтгэлд хоногшсон мөнөөх нийтлэг дүр
төрхийг нь бодохул Жа лам Дамбийжаа санаанд орж байна. Хоёулаа л шашин төрд
хутгалдсан, сайн муугаар хэлэгдсэн хүмүүс. Нэг үе Дамбийжаагийн талаар
монголчууд ямар эндүү ташаа, сөрөг ойлголттой байв аа? Одоо жаахан эерэг
тийшээгээ хандаж байна. Гэхдээ л энэ хоёр хүнийг адилтгашгүй. Дамбийжаа бол
үнэхээр хурц догшин, даруулгагүй дураараа, дүвчигнэж хяргачих гэсэн харгис
хэрцгий хүн байсан гэдэг. Гэхдээ Монголын төлөө, монгол үндэстний сэргэн
мандлын төлөө амь нас, амьдралаа зориулсан, үндэсний гавьяат баатар хүн байсан
нь мэдээж. Равжаа хутагт арай түүн шиг хүн байгаагүй байх аа.
Бидний сайн мэдэх Төрийн соёрхолт
яруу найрагч О.Дашбалбар санаанд орж байна. Ноён хутагт Данзанравжаа
Дашбалбартай их адилхан байсан мэт. Бүр зөвөөр хэлвэл Балбар найрагч ноён
хутагттай адил төстэй хүн байж дээ гэж бодогдоно. Ингэж бодохул юун галзуу, юун
солиот, юун өвчит? Монголын төлөө шатаж явсаар бөхсөн Балбар найрагч монгол
үндэстний өмнө мөнхийн гавьяат нэгэн билээ. Балбарыг би жаахан мэднэ. Халгиж
цалгисан, хавь дэргэд нь удаан байхын аргагүй ааш авир гаргадаг байсан. Түүхэнд
цолгорон гарсан хүмүүсийн цаг үе, төр нийгэмтэйгээ зөрчилдөж тэрсэлдсэн “гаж”
этгээд зан авир, эвлэршгүй үзэл бодол, эрс зоримог үйлс бүтээл нь гагц улс
үндэстнийхээ сайн сайхны л төлөө, хэрэвзаяа сайн сайхан байсан ахул улам сайн
сайхан, улам шударга зөв болгохын төлөө л
зорьж зүтгэж явсны илрэл буй заа.
Романд ноён хутагтыг цэцэг цэлмэг,
авьяаслаг яруу найрагч байсныг нь тодорхой илтгэн харуулж, шүлэг дууллаас нь
зөв зохистойгоор, үнэмшилтэй сонирхолтойгоор оруулсан нь зохиолыг улам чамбай,
чанартай болгожээ. Түүнчлэн эртний монголчуудын бичиг номын соёл гэгээрлийн зан
үйлийг ч гярхай мэдэрч, өчүүхэн төдий боловч зүйлээр илэрхийлэн оруулсан нь
олзуурхам. Ийм дүрслэл номын 320-р нүүрт байгаа “...Шөнө дундын үест Гэгээнтэн
сэргэж “Саранжид хатантанд согтуу Данзанравжаа бээр хашгирав” хэмээн шүлгээ
төгсгөн бичээд: –Шулам авгайн бэлэг хүргэж ирсэн элчид өгч явуулаарай хэмээв. Халиут шүлгийг шөнөжин хуулж
бичээд эхийг битүүмжлэн тийздэв” гэсэн хэсгээс харагдана. Хятадын эртний их
шүлэгч Гао Ши хэмээгч ар гэрээсээ захидал хүлээж авсан тухай ийм нэгэн шүлэг
байдаг:
Гэрээсээн илгээсэн захидлыг уншиж завдаагүй
суунам.
Гэвч сэтгэл амарч, гуниглах зовлон нимгэрэв.
Дэнгийн бүүдгэр гэрэлд тамга тэмдэг нь бүртэлзэнэ.
Дахин сайтар үзэхүл “Хотлоор амгалан” хэмээжүхүэй...
Гэвч сэтгэл амарч, гуниглах зовлон нимгэрэв.
Дэнгийн бүүдгэр гэрэлд тамга тэмдэг нь бүртэлзэнэ.
Дахин сайтар үзэхүл “Хотлоор амгалан” хэмээжүхүэй...
Энэ бол тэртээх X зууны үеийн шүлэг. Мянганы тэртээх цаг үед ч ийм сайхан
бичгийн соёл байж дээ хэмээн өчүүхэн бичээч би бээр боддог, атаархдаг байлаа.
Гэтэл манайд ч бас тийм ёс соёл байжээ гэдгийг дээрх хэдхэн мөр үгсээс
харагднам. Тийм ээ, “Цогт тайж” кинон дээр Гүен баатараас захидал хүргэж ирсэн
Улаан малгайтад Цогт хунтайж хариу захидал бичин өгч явуулж байгаа болон
“Гэгээнтэн” романд гарч байгаа эл хэсэг дүрслэл чухам монголчуудын эртний бичиг
соёлын дүр төрхийг илтгэнэм бус уу. Эртний их өв соёлыг өнөө бидний үед
түүчээлэн хүргэсэн Монголын их бичгийн хүн Б.Ринчен зэрэг соён гэгээрүүлэгчид
хүнд илгээх захидал бичгээ бичгийн машинаар хоёр хувь үйлдэн, эхийг нь өөртөө
авч үлдэн, хувийг нь илгээдэг байсан гэдэг билээ.
Романыг уншихад жамаараа яваа энэхэн
дэлхий дээр бидний өвөг дээдэс бусдын адил ямар ихийг хийж бүтээгээ вэ? хэмээн
өөрийн эрхгүй бахархах сэтгэл, тэр бүхнийг харанхуй мунхагийн гэм, харш буруу үзэл суртлын харгайгаар
устгаж үгүй хийсэнд халаглах сэтгэл холилдон төрнө. Ноён хутагтын Өвөр
баясгалант Хамрын хийдэд Ламрим дацан, Намтар дуулах дацан, Хүүхдийн,
Эмэгтэйчүүдийн, Нууц тарнийн дацангууд, баруун, зүүн хүрээ, Бясалгалын сүм,
Сахиусын сүм, Цагаан сүм гээд лав гуч шахам барилга байгууламж цогцолсон,
аргагүй л шашин соёлын их төв, улс нийгмийн их хот хүрээ газар байжээ. Гэтэл
тэднээс юу ч үлдсэнгүй... Өнөөдөр Лхаса, Утай, Гүмбүм, Дармасалад ямар агуу их
сүм хийд, шашин номын ариун дагшин газар орон сүндэрлэсээр байгаа билээ? Гэтэл
Монголын хавтгай дээр хэдэн зуу, мянгаараа сүндэрлэж асан тэр олон сүм хийд,
хүрээ орноос өнөөдөр нэг нь ч үлдсэнгүй. Миний мэдэхийн, өмнөд хөршийн нийслэл
Бээжин хотод ийм сүм хийдийн орон хорь гучаараа бий. Өчнөөн зууны цөвүүн цаг үе
олонтаа тохиоход тэдгээрийг устгаж үгүй хийсэн нь үгүй. Хэрэвзаяа дахин цөвүүн
цаг ирэх ахул түүнийг мунхагийн харанхуй бүү дагалдаасай билээ.
Бүтээлийн нэг олзуурхууштай зүйл бол
бурхны шашин хийгээд ерөөс нүүдлийн соёл иргэншилд суурилсан монгол аж төрөх
ёс, малчин нүүдэлчин ахуй, иргэний ба шашны утга зохиол, урлаг соёлын талаарх
олон талын гүнзгий ойлголт мэдлэгийг тусгасан нь сайшаалтай. Тийм ч учраас эл
номыг уншсанаар шашны болоод нүүдэлчин малчин аж төрөх ёсны орхигдож мартагдсан
маш олон зан үйл, ёс заншил, монгол ахуй амьдралын мэдлэг ухааныг мэдэж авах
болно. Энэ бол уг бүтээлийн бас нэг чухал ач холбогдол мөн. Ноён хутагт
Данзанравжаагийн номлол сургаал дахин сэргэж, хүн ардыг дагуулан эрхшээж байгаа
энэ цаг үед монголчууд түүний номын ертөнц – бясалгалын оронд сүм хийдийг нь
сэргээн босгож, сургаал номлолыг нь хэвлэн нийтэлж, судалж сурталчлан, түгээн
дэлгэрүүлж байна. Данзанравжаагийн амьдрал, ялангуяа уран бүтээл, номлол
сургаал нь бусад хутагт хувилгаадынхаас нэлээд өөр юм. Тэр нь юу гэвэл тэрбээр
зөвхөн бурхны шашныг ухуулан номлосон шашны том мяндагтан тушаалтан байсангүй,
харин ард түмнийг шашны болон иргэний ухаанд сурган хүмүүжүүлж, соён гэгээрүүлж
байсан, шашны ба үндэсний утга зохиол, яруу найргийг урагшлуулан хөгжүүлсэн,
үндэсний урлаг соёлыг өөрийн арга барилаар цогцлоон бий болгосон их уран
бүтээлч, соён гэгээрүүлэгч байжээ.
Равжаа бол яруу найрагч, сурган
хүмүүжүүлэгч, бурхан бүтээгч, театрын урлагч, хот хүрээ босгогч, нэг үгээр
хэлэхэд их соён гэгээрүүлэгч байсныг бид багцаалах төдий л мэддэг. Тэгвэл
“Гэгээнтэн” роман бидэнд тэр бүх эрдэм мэдлэг, авьяас чадварынх нь талаар
нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол хэлж өгч байна. Өнөөдөр соён гэгээрүүлэгч
гэдэг энэ нэрийг бид хэн дуртай хүндээ оноон үүрүүлэх болсон нь хөнгөн гоомой
хэрэг бөгөөд наад зах нь гэхэд л үгийн үнэ цэнийг үнэгүйдүүлж байгаа хэрэг мөн.
Үүнийг өгүүлэгч бээр хятад судлаачийн хувьд нангиадын их сэтгэгч Күнзийг
судалдаг, түүний намтар, бүтээл, номлол сургаалыг жаахан гадарладгийн хувьд
ноён хутагт Данзанравжааг Күнзтэй адилгадаг байлаа. Өнөөдөр Г.Мэнд-Ооёогийн
“Гэгээнтэн” романыг ахин дахин уншихад энэ үзэл бодол маань улам лавширч,
түүнийг монголчууд хувьд, монголын түүх, соёлын ертөнцөд Күнз шиг хүн байжээ
гэсэн үнэлэлт дүгнэлт маань улам батжив. Гэвч энэ тухай одоо үл өгүүлэн, хойш
талбияа. Равжаа хутагтын ойн арга хэмжээний үеэр болох олон улсын хуралд энэ
тухай үг хэлэх завшаан олдох буй заа.
Цаг хатуу байсан тэртээх
1960-70,80-аад оны үед Ц.Дамдинсүрэн, Д.Цагаан, Д.Ёндон, Л.Хүрэлбаатар гээд
манай ахмад үеийн эрдэмтэн мэргэд ая эвийг нь олон Равжаа судлалыг иргэний
талаас нь, уран бүтээлч, яруу найрагч талаас нь судалсаар ирсэн. Энэ 2013 онд
түүний мэлмий гийсний 210 жилийн ой тохиож байна. Өмнөх тэгш ойнуудаар түүнийг ЮНЕСКО-д бүртгүүлж, олон улсын хэмжээнд
тэмдэглэсэн нь сайшаалтай. Г.Мэнд-Ооёогийн энэ роман Данзанравжаагийн судлал
сэргэн дэвжихэд их хувь нэмэр болох үгэн сүм мөн. Дэлхийн утга зохиолд нэрт
хүмүүсийн намтар цадигийг энэ мэт эсээ-роман, түүхэн роман, намтарчилсан зохиол
маягаар бичиж туурвих явдал түгээмэл байдаг. Тухайлбал Орос орныг хөгжилд
хөтөлж, оросын шинжлэх ухаан, соёл урлагийг ихэд хөгжүүлсэн нэгдүгээр Петр
хаан, Оросын утга зохиолын үндэслэгч их зохиолч А.С.Пушкин, Л.Н.Толстой, Максим
Горький, Николай Островский, эсвэл хятадын Тан улсын үеийн их шүлэгч Ли Бай, Дү
Фү нарын намтар цадигийг өгүүлсэн ийм уран бүтээл олон бий. Монголд гэхэд ардын
уран зохиолч С.Эрдэнийн өндөр гэгээний тухай “Занабазар”, их зохиолч
Д.Нацагдоржийн тухай “Сарны гэрэл” зэрэг түүхэн-уран сайхны романууд бий.
Тэдний эгнээнд Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” роман зүй ёсоор багтаж, зохих байр
сууриа эзлэх нь дамжиггүй.
Хэлбичгийн ухааны доктор(Ph.D.) Я.Ганбаатар
No comments:
Post a Comment